АРХАНГАЙ: Төрийн албан хаагчдын орон нутгийн нэмэгдэл цалин, шимтгэлд нийт 1,343.5 сая төгрөг батлав

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | АРХАНГАЙ
gereltod@montsame.mn
2023-03-10 13:40:36

Эрдэнэбулган /МОНЦАМЭ/. Архангай аймгийн ИТХ-ын ээлжит бус 13 дугаар хуралдаан энэ сарын 9-ний өдөр боллоо. Хуралдаанаар 2022 оны шилжих үлдэгдлийг хуваарилан 2023 оны төсөвт зохицуулалт хийх тухай, "Малчин эмэгтэйчүүд ба аюулгүй хүнс" арга хэмжээг хэрэгжүүлэх хөтөлбөр батлах тухай, төлөөлөгчийн бүрэн эрхээс чөлөөлөх тухай асуудлуудыг хэлэлцэн шийдвэрлэлээ.


Тухайлбал, төрийн албан хаагчдад орон нутгийн нэмэгдэл олгоогүй цорын ганц аймаг байсан юм. Архангай аймгийн Засаг дарга Б.Цэрэннадмид ажлаа авсныхаа дараа энэ ажилд анхаарч, нухацтай тооцоо судалгаа гаргасны үндсэн дээр өчигдрийн ээлжит бус 13-р хуралдаанаар орон нутгийн төрийн захиргааны байгууллагуудын төрийн албан хаагчдад цалин, шимтгэлийг нэмж олгохоор болж, төсвийг батлууллаа. Энэ нэмэлтээр 19 сумын ЗДТГ, ИТХ-ын ажлын албаны ажилтнуудын нэмэгдэл цалин, шимтгэлд 633.2 сая төгрөг, аймгийн төсөвтэй шууд харьцдаг орон нутгийн төрийн байгууллагын төрийн захиргааны албан хаагчдын цалин, шимтгэлд 710.3 сая төгрөг, нийт 1,343.5 сая төгрөг батлуулсан юм.


Мөн Малчин эмэгтэйчүүд ба аюулгүй хүнс" арга хэмжээг хэрэгжүүлэх хөтөлбөрийг батлах нь хуралдааны нэг асуудал байсан бөгөөд төлөөлөгчдийн олонхын саналаар хөтөлбөрийг баталлаа. Энэ хөтөлбөр нь хөдөөгийн хүн амын эрүүл, аюулгүй хүнс үйлдвэрлэх, хэрэглэх, хүнсний бүтээгдэхүүний найдвартай, баталгаатай байдлыг хангах сургалт, судалгаа, шинжилгээ сурталчилгааны ажлуудыг зохион байгуулах замаар зориулалтын бус хуванцар савнаас бохирлогдсон хүнсний түүхий эд, бүтээгдэхүүний хүний эрүүл мэндэд үзүүлэх сөрөг нөлөөллийг бууруулах зорилготой юм.


Мөн аймгийн Газрын харилцаа, барилга, хот байгуулалтын газрын дарга Ч.Отгонжаргал аймгийн ИТХ-ын төлөөлөгчийн бүрэн эрхээсээ чөлөөлөгдөх хүсэлт гаргасан ба энэ асуудлыг дэмжин төлөөлөгчийн бүрэн эрхээс нь түдгэлзүүллээ. 

Холбоотой мэдээ