11 мянган тээврийн хэрэгсэл хилээр нэвтэрсэн мэдээллийг устгажээ

МОНГОЛЫН МЭДЭЭ | ХУУЛЬ
oyundelger@montsame.gov.mn
2023-03-14 12:30:38

Улаанбаатар /МОНЦАМЭ/. Авлигатай тэмцэх газраас нүүрсний гэх тодотголтой хэргийн хувьд одоогоор хэрэг бүртгэлтийн 25, мөрдөн байцаалтын 17 буюу нийт 42 хэрэгт мөрдөн шалгах ажиллагаа явуулж байна.


Тодруулбал, Өмнөговь аймгийн Цогтцэций сумын нутаг дэвсгэрт байрлах Тавантолгойн бүлэг орд газраас "Эрдэнэс Тавантолгой" ХК, орон нутгийн өмчит "Тавантолгой" ХК-д нүүрс олборлох, тээвэрлэх, борлуулах, улсын хилээр нэвтрүүлэх, төмөр замын бүтээн байгуулалт, барилгын ажил гүйцэтгэх, тендер сонгон шалгаруулах үйл ажиллагаанд эрх мэдэл, албан тушаалын байдлаа урвуулан ашиглаж, бусдад давуу байдал бий болгосон, хахууль авсан, мөнгө угаасан, үндэслэлгүй хөрөнгөжсөн хэргүүдэд ажлын хэсгээс мөрдөн шалгах ажиллагааг явуулж байгаа юм.


Хил хамгаалах байгууллага, гааль, АТҮТ-ийн эрх бүхий албан тушаалтнууд хууль бусаар гаалийн бүрдүүлэлтгүй тээврийн хэрэгслийг улсын хилээр нэвтрүүлж, хахууль авсан, олон улсын ачаа тээврийн С зөвшөөрөл олгохдоо бусдаас хахууль авсан зэрэг 42 яллагдагчид холбогдох 3 хэргийн мөрдөн шалгах ажиллагааг дуусгаж, шүүхэд шилжүүлжээ.


АТГ-ын Мөрдөн шалгах хэлтсийн албаны дарга, ахлах комиссар Б.Батбилэг "нүүрсний" гэх хэргийн мөрдөн шалгах ажиллагааны явцын талаар мэдээлэхдээ, “Эд мөрийн баримтыг илрүүлэхээр 166 объектод нэгжлэг хийж, хүний бие, эд зүйл, баримт бичигт үзлэг хийх ажиллагааг 407 удаа, 1032 хүнээс гэрчийн мэдүүлэг авч, хөрөнгийн үнэлгээ хийх ажиллагааг 25 удаа, байгууллага, ААН, иргэнээс 973 удаа баримт гаргуулан авах ажиллагааг явуулсан” гэлээ.


Өнгөрсөн хугацаанд 85 албан тушаалтанд эрүүгийн хэрэг үүсгэн яллагдагчаар татсан бөгөөд үүний 48 нь нийтийн албан тушаалтан. Үүнд, УИХ-ын гишүүн 6, ЗТХ-ийн сайд асан 1, Төрийн нарийн бичгийн дарга асан 1, аймаг, сумын Засаг дарга 4, ИТХ-ын дарга 1, УИХ-ын гишүүний зөвлөх 1, Гаалийн улсын байцаагч 12, Хил хамгаалах байгууллагын 4, АТҮТ-ийн 4 албан тушаалтан, Өмнөговь аймгийн газрын харилцаа, зохион байгуулалтын албаны газрын даамал 2, Боомтын захиргааны мэргэжилтэн 2, "Эрдэнэс Тавантолгой" ХК-ийн эрх бүхий албан тушаалтан 7, "Тавантолгой төмөр зам" ХК-ийн 3, нэр бүхий хуулийн этгээдийн эрх бүхий 15 албан тушаалтан, 22 иргэнийг яллагдагчаар татан шалгасан байна.


Эдгээрээс 24 албан тушаалтныг эрх мэдлээ урвуулан ашигласан, 14 албан тушаалтныг хахууль авсан, 26 албан тушаалтныг хахууль өгөх, 21 албан тушаалтныг мөнгө угаах, үндэслэлгүйгээр хөрөнгөжих гэмт хэрэгт яллагдагчаар татжээ. Одоо шалгаж буй хэрэгт 8 яллагдагч цагдан хоригдож байгаа аж.


Улсын хилээр гаргахыг хязгаарласан 41, албан үүргээ биелүүлэхийг түдгэлзүүлсэн 4, хувийн баталгаа авах таслан сэргийлэх арга хэмжээг 26 яллагдагчид авсан байна. 94 үл хөдлөх хөрөнгө, мөн 48 тээврийн хэрэгслийн шилжилт хөдөлгөөн, 5 газар, 2 хуулийн этгээдийн хувьцаа, 35 иргэн 40 хуулийн этгээдийн арилжааны банк дахь зарлагын гүйлгээ, 4 иргэний 3.2 тэрбум төгрөгийн үнэлгээ бүхий үнэт цаасны шилжилт хөдөлгөөнийг хязгаарласан байна.


АТГ-ын Мөрдөн шалгах хэлтсийн дарга эрхэлсэн комиссар Х.Буянтүмэн “Хилийн бүртгэлийн серверийг шалгахад 11 мянган тээврийн хэрэгслийн хилээр нэвтэрсэн мэдээллийг устгасныг тогтоосон. Мөрдөн шалгах үйл ажиллагаа үргэлжилж байна. Нэр бүхий УИХ-ын гишүүдийг яллагдагчаар татсан. Зарим гишүүний бүрэн эрхийг түдгэлзүүлэх нөхцөл байдал үүсэж, мөрдөн шалгах явцад үндэслээд, УИХ-ын гишүүн Д.Бат-Эрдэнэ, Т.Аюурсайхан, Н.Наранбаатарын УИХ-ын гишүүний халдашгүй байдал, бүрэн эрх саад болж байгаа гэж үзэн, бүрэн эрхийг нь түдгэлзүүлэх саналыг Улсын Ерөнхий прокурорт хүргүүлж байгаа. Ж.Мөнхбат гишүүнийг яллагдагчаар татсан. Тэрбээр 2022 оны хөрөнгө орлогын мэдүүлгээ өгөөгүй, УИХ-ын гишүүнээс татгалзах хүсэлтээ гаргасныг УИХ-аар хэлэлцэх тул хүлээж байна. Мөрдөн шалгах ажиллагаа ажлын цар хүрээ, мөрдөгчийн хүрэлцээнээс хамаараад цаг хугацааны хувьд сунжирч байгаа”-г тодотголоо. 


Холбоотой мэдээ