БАЯН-ӨЛГИЙ: Өлгий нисэх буудлыг 4С ангиллын нисэх онгоц хүлээн авах хүчин чадалтай болгоно

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | БАЯН-ӨЛГИЙ
bayanulgii@montsame.gov.mn
2023-03-15 16:43:28

Өлгий /МОНЦАМЭ/. Баян-Өлгий аймгийн Өлгий нисэх буудлын аэродромыг олон улсын иргэний нисэхийн байгууллагын 4С хяналтын код бүхий агаарын хөлөг хүлээн авах хүчин чадалтай болгож өргөтгөхөөр төлөвлөж байна.


Монгол Улсын Засгийн газрын 2020-2024 оны үйл ажиллагааны хөтөлбөрт агаарын тээврийн либералчлалыг үргэлжлүүлж өрсөлдөөн бий болгох, нислэгийн тоо, чиглэлийг нэмэгдүүлэх, орон нутгийн нисэх буудлуудын ашиглалтыг сайжруулахаар тусгасан байдаг.


Мөн "Алсын хараа 2050" урт хугацааны хөгжлийн бодлогод "Зарим аймгийн нисэх буудлыг 4С зэрэглэлийн агаарын хөлөг хүлээн авах хүчин чадалтай аэродром, зорчигч үйлчилгээний цоцгцолбор олон улсын нисэх буудалтай болгож, аялал жуулчлал, гадаад худалдааг дэмжинэ" хэмээн заасан юм.


Дээрх зорилтын хүрээнд Засгийн газрын 2022 оны 3 дугаар сарын 23-ны өдрийн хуралдаанаар Өлгий нисэх буудлын хүчин чадлыг нэмэгдүүлж 4С ангилалтай болгох ажлын зураг төсөл, техник, эдийн засгийн үндэслэлийг боловсруулахад шаардагдах зардлыг улсын төсөвт тусгахыг Зам тээврийн хөгжлийн яаманд даалгасан байдаг.


Энэ хүрээнд улсын төсвөөс 500 сая төгрөг шийдвэрлэж, нисэх буудлыг өргөтгөх ерөнхий төлөвлөгөө, ажлын зураг төсөл, техник, эдийн засгийн үндэслэлийг боловсруулах ажлын тендерийг зарлажээ.


Нисэх буудлыг өргөтгөх ажлын зургийн даалгаварт аэродромын хөөрч буух зурвасыг 4С ангиллын агаарын хөлөг буюу Boing 737-800, Airbus 320нео, Embraer 190, 3С ангиллын Embraer 145, 2B ангиллын Cessna 208, Beechraft 1900, Embraer 110 зэрэг агаарын хөлгүүдэд тохируулан уртасгах, өргөсгөх, хучилтын даацыг тооцож гаргахаар заасан байна.   

   

Ташрамд сануулахад, Монгол Улсын Засгийн газрын 1996 оны 58 дугаар тогтоолоор Өлгий нисэх буудлыг олон улсын статустай болгож байсан. Харин 2004 оны 6 дугаар сарын 9-ний өдөр нисэх буудлын шинэ цогцолбор, 2012 онд 2,9 км урт, 30 м өргөн, 100 хүний суудал бүхий онгоц хөөрч буух бетон зурвас тус тус ашиглалтад орсон юм.  

Холбоотой мэдээ