Европын Төв банк бодлогын хүүгээ өсгөжээ

ДЭЛХИЙН МЭДЭЭ | ЭДИЙН ЗАСАГ
khulan@montsame.gov.mn
2023-03-17 13:59:41

ФРАНКФУРТ. /Reuters/. Европын Төв банкны бодлого боловсруулагчид бодлогын хүүгээ төлөвлөж байсны дагуу дахин 50 суурь нэгжээр өсгөхөөр болсноо пүрэв гарагт мэдэгдлээ.


“Инфляц хэт урт хугацаанд өндөр хэвээр байх төлөвтэй байна” гэж Төв банкны мэдэгдэлд дурджээ. Бодлогын хүүг өсгөх шийдвэр нь инфляцыг зорилтот 2 хувьд хүргэж бууруулах бодлогоо тууштай хэрэгжүүлж байгааг харуулж байна.


Европын Төв банкны Удирдах зөвлөлийн өмнөх хуралдаанаар бодлогын хүүг 50 суурь нэгжээр нэмэгдүүлнэ гэж мэдэгдээд байсан юм. Тус банк хамгийн сүүлд хоёрдугаар сард хүүгээ 50 суурь нэгжээр өсгөөд байв.


Төв банкны эдийн засагчдын гаргасан макро эдийн засгийн хамгийн сүүлийн үеийн төсөөлөлд еврогийн бүсийн инфляцын таамаглалыг бууруулж, 2023 онд 5.3 хувь, 2024 онд 2.9 хувь, 2025 онд 2.1 хувь байх төлөвтэй байна гэж таамаглажээ.


Харин эсрэгээрээ суурь үнийн дарамт хүчтэй хэвээр байна гэж банкны мэдэгдэлд дурдсан бөгөөд эрчим хүч, хүнс зэргийг хасаж тооцсон суурь инфляц 2023 онд дунджаар 4.6 хувьтай байх төлөвтэй байгаа нь 12 дугаар сарын төсөөллөөс өссөн байна.


Хэдийгээр үнийн дарамт өндөр байх төлөвтэй байгаа ч эдийн засгийн өсөлтийн төсөөллийг ахиулжээ. Тодруулбал, еврогийн бүсийн эдийн засаг 2023 онд 1 хувиар, 2024, 2025 онд 1.6 хувиар тэлнэ гэж эдийн засагчид урьдчилан таамагласан байна. 

Холбоотой мэдээ