ЗАВХАН: Отгонтэнгэрийг оройдоо залсан Улиастай хотын шинэ зургийг олонд дэлгэжээ

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | ЗАВХАН
myagmarsuren@montsame.mn
2023-03-17 14:39:55

Улиастай /МОНЦАМЭ/. Тус аймгийн төвийг Отгонтэнгэр хайрхантай хамтатган, анх удаа гэрэл зурагт буулгаж бүтээл болгожээ.  

Завхан аймгийн Сонгино сумын уугуул, Монголын гэрэл зурагчдын Нэгдсэн холбооны удирдах зөвлөлийн гишүүн, аялагч, байгалийн гэрэл зурагчин Намсрайжавын Сүхбат Завхан аймгийн төв Улиастай хотыг бүхлээр нь Отгонтэнгэр хайрхантай хамтатган гэрэл зурагт буулгажээ. Тэрбээр уулсын хот Улиастайг Хангайн нурууны ноён оргил Отгонтэнгэр хайрхантай ташралдуулж зураглах санааг тээж явсаар 2021 онд гэрэл зургийг авч чаджээ. Харин энэхүү гэрэл зургаа бодит бүтээл болгож хэвлэн, олон нийтэд дэлгээд байна.



Тэрбээр тус зургийг авахдаа дроноор биш, уулын оройгоос хөл дээрээс авахыг чухалчилсан байна. Улиастай хотыг бүхлээр нь харуулсан гэрэл зургууд их бий ч Отгонтэнгэр хайрхантай хамтатган гэрэл зурагт буулгасан зураг огт байдаггүй аж. Тиймээс Отгонтэнгэр хайрхныг оройдоо залсан Улиастай хотын дүрслэл бүхий энэ гэрэл зураг нь Завхан аймгийн түүхт 100 жилийн ойн босгон дээр, гайхалтай өгүүлэмжтэй зураг болсноороо онцлогтой аж.


-Улиастайн баруунтайх Баян-Улаан уул руу авирч байхдаа Отгонтэнгэр хайрхан харагддаг болов уу, яаж харагддаг бол гэж айсхийж явсан. Оргил руу дөхөж явтал онь дамнаад Отгонтэнгэрийн орой нь цухуйлаа. Эцсийн цэг дээр хүрэхэд чамлахааргүй ил гарлаа. Довцог хайрханы чанх цаана байсан бол яана аа гэж айж байв. Гэтэл тэнгэр хангай ч дэмжиж үүлээ шууж, оройн нарны онц тод гэрэл асгаж өгсөн юм. Тэгээд л хөл дээрээс зургийн нягтрал, өнцөг гээд бүгдийг нь тохируулж байгаад, хэр хэмжээндээ зураглалаа. Энэхүү зураглалаа ажил хэрэг болгож, 120х270 хэмжээтэй дээж зургийг бэлэн болгосон гэж гэрэл зурагчин хэлэв.

Тус гэрэл зургийг “Хүннүгийн үеэс үүсэлтэй, хөгшин буурал Улиастай” гэж нэрлэжээ. Энэхүү гэрэл зургийг хүссэн хэмжээгээр нь хэвлүүлж авах боломжтой аж.


Улиастай хот бол Монгол улсад, хамгийн сүрлэг өндөр, их уулсын дунд оршдог хот юм. Хотынхоо төвөөр хоёр гол урсаж, хамгийн дагшин цэнгэг, ариун рашаан булгийн хот гэж ч нэрлэмээр. Түүгээр ч барахгүй Улиастай хот, суурьшил эхэлсэн цагаасаа нүүгээгүй, Монголын хамгийн эртний хот юм.


Энэхүү шинэ бүтээлийг ажихуйд,

-Хангайн нурууны тэхий дунд хэрд ноён оргил нь болох цаст цагаан Богд Очирваань Отгонтэнгэр хайрхан суваргалж харагддаг. Хайрханаас баруухантай, тал руу буусан шовх элгэн хүрэн уулсын дундах голууд бэлчирлэсэн дэнжирхэг аманд Улиастай хот уул руугаа шатлан дээшилж, тэнгэрт тэврүүлэн ярайна.

-Улиастай хотын гурван талын гурван их хаалгаар холд зорчиж, бас зочид гийчдээ угтдаг. Уул оройлж ухаж тэгшилсэн, эхлэл төгсгөл хол, урт замтай Загастай, урд зүгээс улсдаа ганц огцомд тооцогдох Ганцын даваагаар, баруун талаас гол өгсөж ирдэг зам гээд гурван хаалгатай. Богдын гол өгссөн зам бол Хайрхандаа дөхөөд эргэдэг орон нутгийн мухар зам юм.


Хүсэл байвч хэн бүхэн харсан зүг рүүгээ явахааргүй өндөр уулс ханалж байдаг ийм л хот юм. Уулс бүхэн нь орой дээрээ жинстэй. Хэргэм зэрэгтэй “Хаан уулс” ч гэж нутгийнхан нэрлэдэг. Далайг анхлан сүвэлж цухуйсан ууган уул Отгонтэнгэрийн мөнх цагаан цас өвөлдөө улам зузаарч, зундаа сэмрэн хайлж урсахдаа өөрийн их усан сан Хяргас нуур, өрнийн их усан нөөц Хойт мөсөн туйл хүрдгийг хүж дэлхийн хөх судас-гол усны мөр зам баталдаг. 


Отгонтэнгэрийн амуудаас ирэх Богд, Чигэстэйн гол Улиастай хотод уулзаж бэлчирлэдэг. Богд Очирваань Хайрханы орой зулайгаас эхтэй гол болохоороо тийн нэрлэгджээ. Богд Очирваань Отгонтэнгэр Хайрхан ийн хүйтэн цэнгэг рашаанаараа Улиастайчуудыг өнө мөнхөд ундаалж байгааг энэ зургаас харж болно гэж гэрэл зурагчин Н.Сүхбат нэмж ярилаа.


 

Улиастай хотын түүхээс:

-МЭӨ 2000-1000 жил Өнөөгийн Улиастай хотын орчим Хүрэл зэвсгийн үеийн монгол овог, аймгууд амьдарч түүх, соёлын дурсгалт зүйлсийг үлдээжээ.

-МЭӨ 123 он Хангай уулын ар бие Чигүчүкү голын эрэгт Хүннү нар хот байгуулав.

-552-745 он Монгол нутагт төрт улсаа байгуулж асан Түрэгүүд Улиастайн газар нутаглан сууж тэр орчим Хүн чулуун хөшөө босгон үлдээв.

-1225 он Чан Чунь бомбо Хятадаас Дундад Азируу Чингис хаанд дуудагдан явахдаа Хангайн уулын ар биед буй “Улиас” нэрт эртний суурингаар дайран гарав.

-1570-аад он Халхын Засагт хан аймгийг үндэслэн байгуулагчийн нэг Ашихай дархан хунтайж өргөөгөө Хангайн уулын ар бие Чигэстэй голын хөвөөнөө байршуулав.

-1733 оны 6-р сар Жүн ван Пубин умард замын цэргийг захирах жанжнаар томилогдон Улиастайд суув.

-1735 он Улиастай сайдын газар байгуулж бэйл Цэвдэнг анхны монгол сайдаар суулгав.

-1765 он Улиастай хотын Сангийн хэрмийг сэргээн засварлав.

-1768 он Улиастайн цэргийн хүрээний сургуулийг байгуулав.

-1870 он Улиастайд Оросын консулын газар байгуулав.

-1876 он Оросын эрдэмтэн А.М.Позднеев Улиастай хотод ирж байв.

-1873 он Улиастайн сангийн хотыг шинэтгэн сэргээн засварлав.

-1900 он Засагт хан аймгийн Зоригт вангийн хошууны хүнд Энхтайваны удирдсан 2000 цэргийн бослого гарав.

-1912 оны 1-р сар Улиастай хотоос жанжин Гүй И тэргүүтэй манж, хятад цэрэг иргэнийг хөөн гаргав.

-1914 он Богд Хаант Монгол Улсын Гадаад хэргийн яамнаас Улиастайн хэргийг хамааран шийтгэх түшмэлд сургууль байгуулах тухай зарлиг ирүүлж, улмаар Улиастайн “Бага сургуулийн тэнхим”-ийг байгуулав.

-1921 оны 3-р сарын 10-н Улиастай хотоос хятадын гэмин цэргийг цус урсгалгүйгээр гаргасан байна.

-1921 оны 10-р сар Ардын засгийн газраас Дилов хутагт Жамсранжавыг Улиастайн сайдаар томилов.

1925 он Улиастай хотын хүнсний үйлдвэр “Архины хороо” нэртэйгээр байгуулагдав.

1922 он Анхны сургууль байгуулагдав. Харилцан туслалцах хоршоо байгуулагдав. Улиастай хотод Монгол ардын намын 14-р үүрийг байгуулав. Улиастайн сайдаар О.Ламжав томилогдон ажиллав. Улиастайн “Бага сургуулийн тэнхим”-ийг сэргээв.

-1926 оны 3 сарын 20  Улиастай хотыг Жавхлант хот хэмээн нэрийдэхээр болсон байна.

-1930 он Улиастай хотод анхны нийтийн халуун усны газар нээгдэв.

-1931 он Завхан аймаг байгуулагдаж Улиастай хот /Тэр үеийн жавхлант/-ыг нийгэм улс төрийн төв болгов. Улиастай хотод нүүдлийн кино театр байгуулагдав.

-1947 он 1-р сургуулийг Б.Элдэв-Очирын нэрэмжит болгов.

-1956 он Улиастай хот-Улаанбаатар хотын хооронд онгоц нисэх болов.

-1961 он Жавхлант хотыг Улиастай хот хэмээн сэргээн нэрлэв.

Эх сурвалж: Улиастай сумын ЗДТГ

Холбоотой мэдээ