Суль өвсөөр хийсэн бүрхээрийг ашиглаж эхэлжээ

Орон нутагт
odonchimeg@montsame.mn
2016-09-02 16:31:08

Сүхбаатар аймгийн Онгон сумын 2-р багийн малчин Ш.Оюунцэцэг Монголчуудын эрт дээр үеэс хэрэглэж ирсэн суль өвсөөр бүрхээр хийх аргад суралцан амьдрал ахуйдаа ашиглаж байна. Дарьгангачууд урьд нь суль өвсөөр хийсэн бүрхээрийг  ахуйн хэрэглээндээ маш ихээр ашигладаг байжээ.

Энэхүү бүрхээрийг хийхэд гарын доорх материалыг ашигладаг байна. Бүдүүн бат бөх ургасан сулийг түүж цэвэрлэн хатаагаад хооронд нь завсар гаргалгүй ширж нийлүүлэн түүнийгээ цэвэр даавуугаар доторлоод бэхэлгээ хийхэд хангалттай. Гэхдээ суль өвс нь өөрөө хатуу бат бөх учир нэг бүрхээр хийхэд доод тал нь 10-аад хоног зарцуулдаг байна.

Ш.Оюунцэцэг сумынхаа гурван багийн бүсгүйчүүдтэй нийлж Арвижих их бүрд бүлгийг байгуулжээ. Бүлгээрээ боловсруулсан сүү цагаан идээгээ худалдан борлуулдаг бөгөөд бүрхээрээ ч хамтдаа хийдэг. Тэдний бүлгийнхэн сүү цагаан идээ бэлтгэхдээ бүгд ийм сулин бүрхээрээ ашигладаг. Байгалийн ургамлаар хийсэн учир хүний биед ямар нэгэн сөрөг нөлөөгүй, харин ч нэрмэл болоод бусад цагаан идээний гаралт, амт шимт нь сайн байдаг гэдгийг тэрээр хэлж байна. Энэхүү бүрхээрээ төсөлд хамруулсанаар олноор үйлдвэрлэж, бусад сумдын малчидад нийлүүлэх боломжтой болжээ.

Т. Одончимэг

Холбоотой мэдээ