Хүн юунаас аз жаргалыг мэдэрдэг вэ?

ТОЙМ
ariunzaya@montsame.mn
2023-03-20 18:43:41

Улаанбаатар /МОНЦАМЭ/. Өнөөдөр Дэлхийн аз жаргалын өдөр тохиож байна. Аз жаргалын тухай хүн бүрийн ойлголт янз бүр. Үнэндээ аз жаргал гэдэг ойлголтын талаар хүмүүс ихэвчлэн өөрийнхөө мэдрэмж дээр тулгуурлан ярьдаг. Шинжлэх ухаан талаасаа аз жаргалын тухай ойлголт ямар вэ гэдгийг та судалж үзсэн үү. Тэгвэл олон орны эрдэмтэд хэн нэгэнд төрсөн түр зуурын мэдрэмжээр биш аз жаргалыг нотолгоонд суурилж тодорхойлж иржээ.


Тархи судлал хөгжсөнөөс хойш аз жаргалын дааврын 100 орчим төрөл байгааг эрдэмтэд судалсан байна. Тодруулбал хүнд аз жаргалын дааврын ялгарлыг хэмжиж болох дөрвөн төрлийн даавар байдаг аж. Бидний өдөр тутмын  үйлдэл бүхэн өөр, өөр молекулыг ялгаруулж, эндорфин, серотонин, дофамин, окситоцин, кортизол зэрэг дааврыг ажиллуулдаг байна.


Нарны туяа, урлагийн бүтээл, гоё хийцтэй байшин барилгууд, улбар шар өнгөнд яагаад бид дурладаг юм бол. Тэгвэл эдгээр нь аз жаргалын даавар болох серотониныг хуримтлуулахад тусалдаг аж. Улмаар серотонин даавар ялгарснаар дараагийн буюу нойрсох мелатонин даавар үүсэх нөхцлийг бүрдүүлдэг байна. Бид хэн нэгнийг хайрлаж, эсвэл нигүүлсэнгүй хандсанаар хайрын даавар буюу окситоциныг сэдэлжүүлдэг байна. Харин хэн нэгнээс сайшаал, магтаал сонсвол биднээс  дофамин хэмээх даавар ялгарна. Дасгал, хөдөлгөөн хийх үед хүний биед эндорфин хэмээх даавар үүсдэг бөгөөд энэ нь синпатик төв мэдрэлийн системийг өдөөдөг байна. Ингэснээр зүрхний цохилт хурдсах, артерийн даралт түргэсдэг аж. Түүнчлэн хүн дуртай хоол хүнс ялангуяа мах идэхэд хүний гэдсэнд серотонин даавар 90 хувь ялгардаг байна. Гагцхүү аз жаргалыг хүн зөвхөн одоо цаг дээр мэдэрдэг нь серотонин цусанд удаан хадгалагддаггүйтэй холбоотой гэнэ.


Харин стрессийг ямар даавар өдөөдөг вэ гэсэн асуултад Хүний их эмч Ц.Мөнхцацрал хариулахдаа, “Сөрөг даавар буюу кортизол нь бөөрний дээхэн талд байрлах жижиг булчирхай юм. Эл сөрөг даавар нь аз жаргалын дааврын эсрэг дангаараа ажилладаг. Аз жаргалын даавруудаас ялгаатай нь кортизол хуримтлагдаад л байдаг. Энэ хуримтлал нь ганцхан сэтгэлзүйд нөлөөлөөд зогсохгүй, хүмүүсийг нойргүйдүүлэх, хоолны дуршилгүй болгох, ядраах, дархлааны системийг эвддэг хор уршигтай. Өглөө босох цагаар хүний биед кортизол ихсэж байдаг. Гэхдээ энэ дааврыг огт байхгүй болгож болохгүй. Булчин шөрмөс ажиллуулахад кортизол тодорхой хэмжээний үүрэгтэй. Түүнчлэн кортизолыг ихэсгээд байгаа гол хүчин зүйлс нь химийн хорт бодис, агаарын бохирдол, тамхины утаа, ус, хөрсний бохирдол, хүнд металл, барилгын материал,  хэт их чихэрлэг хүнс, спиртийн төрөл, кофе юм. Мөн хэт их идэх, хэт өлсөх, цардуул  ихтэй хүнс байнга хэрэглэх, олон цагаар дасгал хийх, их хотын дуу чимээ кортизолыг ихээр ялгаруулдаг. Кортизолын даавар ихсээд ирэхээр хавдрын эсийг бий болгох аюултай. Бидний төсөөлшгүй дархлааны өөрчлөлтүүд гарч ирдэг” хэмээв.


Түүний ярианаас дүгнэвэл  бид амьдралынхаа хэв маяг руугаа өнгийж ямар эрсдэлт  зүйлс бидний кортизолыг ихэсгээд байна вэ гэдгийг танин мэдэх шаардлага гарах нь. Нөгөөтэйгүүр дааврууд цусанд ямар хэмжээгээр ялгарч байгаагаар бидний хэр аз жаргалтай байна вэ гэдгийг тодорхойлж болох юм байна. Эндээс зөвхөн бодол, хийсвэр ойлголтоор аз жаргалыг хэмжихгүй гэдгийг харж болох нь ээ.


Тийм ч учраас дэлхий нийт шинжлэх ухааны нотолгоонд суурилан амьдралын хэв маягаа эвдэж, стрессээс ангижирах арга хэрэгслийг эрэлхийлж байна. Улс орнууд иргэдийнхээ эрүүл мэндэд анхаарч, нийгмийн дэд бүтцийг бий болгоход гол анхаарлаа хандуулдаг. Харин манай улсад агаарын бохирдлоос эхлээд аз жаргалтай амьдрах эрх хязгаарлагдмал байгаа нь нууц биш.


НҮБ-ын Ерөнхий ассамблейн 2012 оны хуралдаанаар аз жаргал руу тэмүүлэх нь энэ дэлхийн бүх хүний хүсэл юм хэмээн аз жаргалын өдрийг тунхагласан. Аз жаргалын индексийг тухайн орны нэг хүнд ногдох ДНБ-ийн хэмжээ, иргэдийн нийгмээс авч буй дэмжлэг, эрүүл аж төрөх, сонголт хийх эрх чөлөө, өгөөмөр байдал, авлига гэсэн үзүүлэлтүүдийг нэгтгэж гаргадаг. 2023 оны Аз жаргалын индексээр манай улс дэлхийн 146 орноос 69 дүгээр байрт жагссан байна. Харин  дэлхий дээрх хамгийн аз жаргалтай индекстэй улсаар Финланд зургаа дахь жилдээ тодров. Скандинавын улс болон Дани, Исланд, Швед, Норвеги  зэрэг улс эрүүл дундаж наслалт, нэг хүнд ногдох ДНБ, нийгмийн дэмжлэг,  авлига багатай, нийгэм дэх өгөөмөр байдал зэрэг хэмжүүрүүдээрээ тэргүүлсэн байна. Тэгвэл жагсаалтын сүүлийг Ливан, Афганистан улс мушгижээ. Мөн энэ оны Аз жаргалын индексээр өнгөрсөн жил 9 дүгээрт жагсаж байсан Израил улс 5 байраар урагшилж, дөрөвт бичигдсэн байна.


Улс бүр нийгмийн нэгдсэн ойлголт, бусдаас ялгарах ондоошилтой байдаг. Тэр хэрээр амьдралаас авах таашаал, аз жаргал нь өөр юм. Манай улс гэхэд жилийн дөрвөн улиралтай бөгөөд өвлийн улиралыг даван туулахаас эхлээд бусад орноос ялгаатай зүйл их бий. Аз жаргал гэсэн сэдвийг хөндөхөд эрүүл хот, эрүүл нийгмийн бодлого чухлаас гадна нийгмийн тохируулгууд  хэрэгтэй гэх өнцөг гарч ирж байна. Тухайлбал, та стресстсэн үедээ хаана очиж тайлдаг вэ гэсэн асуултад дийлэнх хүмүүс найз нөхөдтэйгээ баар, кароэкэ ордог хэмээн хариулж байна. Энэ нь стрессээ тайлахын тулд  архи дарс хэрэглэх нийтлэг дүр зураг байгааг харуулж буй юм. Архи, дарс нь тухайн үедээ хүний биеийг сэргээх ч дараа нь сөрөг  даавар болох кортизолын хэмжээг нэмэгдүүлдгийг эмч дээр дурдсан. Хөгжилтэй улс орнууд иргэдийнхээ эрүүл мэндийг чухалчилж, аз жаргалын дааврыг урт хугацаанд судалсан жишээнүүд олон бий. Өөрөөр хэлбэл, улс орнууд нэг удаагийн асуумжаар хийдэггүй 70-80 жил судалдаг байна. Тухайлбал, АНУ-д хотын захад болон хотын төвд амьдарч буй чинээлэг, дундаж, амьжиргааны түвшин доогуур гурван бүлэгт хүүхэд байхаас нь эхлэн  судалгаа хийсэн байдаг. Судалсан гурван бүлгийг 70 жил судалсан бөгөөд хоёр жил тутамд очиж цусны шинжилгээ авч, даавруудад чанарын судалгаа хийхээс гадна мэргэжлийн хүмүүс ярилцлага хийдэг байж. Бага насандаа ямар орчинд өсч хүмүүжиж байгаагаас эхлээд ямар тээврийн хэрэгсэл ашигладаг вэ? Гэртээ эргээд ирэхэд нь ээж, аав нь хэрхэн угтдаг вэ, хоол хүнсний хэрэглээ гээд нарийн асуумж бүхий судалгаа хийжээ. Санхүүгийн хувьд боломжтой, ажил мэргэжилдээ ахицтай, нийгмийн хувьд хүлээн зөвшөөрөгдсөн “Би аз жаргалтай” хэмээн хариулт өгч буй ч гаднаа гунигтай байх бүлгээс цусны шинжилгээ авахад аз жаргалын даавар ялгарахгүй байж. Харин “би аз жаргалгүй байна” хэмээн хариулж буй бүлгээс аз жаргалын даавар илүү гарсан нь санхүүгийн эрх чөлөөнд хүрээгүй ч гэр бүлийн уур амьсгал эерэг байгаагаас үүдэн  үзүүлэлтүүд нь өөр өөр гарчээ.


Нарийн судалгаан дээр тулгуурлан хийсэн дээрх үзүүлэлт нь хүний амьдралын аз жаргалын даавар санхүү, орлого,нийгэм эдийн засгийн үзүүлэлтүүд биш юм гэдгийг илэрхийлж байна. Харин аз жаргалыг мэдэрч байгаа үзүүлэлтүүд нь гэр бүлтэй байх, хэн нэгнийг хайрлаж байсан хүмүүст  илүү их байжээ. Тиймээс улс орнууд иргэдийнхээ нийтлэг мэдрэмж, үнэт зүйлс нь юу вэ гэдгийг судалсаар байна. Харин монголчуудын хувьд аз жаргалын үндэс нь юу вэ гэсэн асуулт урган гарч буй юм. Нийгмийн стрессийг өдөөгч хүчин зүйлсийг судлахаас эхлээд хүрээлэн буй орчин, эрүүл хот бий болгох гээд  асуудлыг үндэс сууриар нь авч үзэх шаардлага  бидэнд байна.

Холбоотой мэдээ