ДОРНОД: Сумдын удирдлагууд баг, сум, аймгийнхаа ирээдүйн хөгжлийг хэлэлцэж байна

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | ДОРНОД
167@montsame.mn
2023-03-20 18:53:41

Чойбалсан /МОНЦАМЭ/. Дорнод аймагт “Хөгжлийн бодлогыг хэрэгжүүлэхэд иргэдийн оролцоог нэмэгдүүлэх нь” сургалт болж байна. Сургалтад 14 сумын ИТХ-ын дарга, Засаг дарга, боловсрол, эрүүл мэндийн байгууллагуудын удирдлага оролцож, баг, сум, аймгийнхаа өнөөгийн нөхцөл, ирээдүйн хөгжлийн төлөвлөгөөг цаасан дээр буулгаж, үр дүнг үнэлэн хэлэлцэж байгаа юм.  

ХЗДХ-ийн дэд сайд Б.Солонго дээрх сургалтын үеэр хэлэхдээ “Дорнод аймагт хил орчмын аялал жуулчлал, нэмүү өртөг шингэсэн хөдөө аж ахуйн бүтээгдэхүүний үйлдвэрлэл, эрчимжүүлсэн мал аж ахуйг хөгжүүлэх боломжтой” гэдгийг онцлов. Түүний хувьд Монгол Улсын Засгийн газраас хэрэгжүүлж буй “Хөдөөгийн сэргэлт” бодлогын Дорнод аймгийн ажлын багийг хариуцаж байна.

Монгол Улсын Засгийн газраас хэрэгжүүлж буй “Шинэ сэргэлтийн бодлого”-ын тэргүүлэх чиглэл болох боомт, эрчим хүч, аж үйлдвэрийн сэргэлтийн хүрээнд хийх ажлууд Дорнод аймагт томоохон боломжуудыг нээж өгч байгаа. Харин үр дүнтэй хэрэгжүүлэхийн тулд бүх түвшинд энэ талаарх ойлголтыг өгч, аймгийнхаа онцлогтой уялдуулж өгөх нь чухал.  

Ташрамд дуулгахад, ЗГХЭГ, Хууль зүй, дотоод хэргийн яам, Удирдлагын академитай хамтран 21 аймагт энэхүү сургалт хэлэлцүүлгийг зохион байгуулах аж.

Холбоотой мэдээ