ДУНДГОВЬ: Мандалговь хотын иргэд хоногт 600-650 тн орчим ус хэрэглэдэг

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | ДУНДГОВЬ
altantogos888@gmail.com
2023-03-21 14:57:30
altantogos

Мандалговь /МОНЦАМЭ/. НҮБ-аас 2023 оны Дэлхийн усны өдрийг усыг ашиглах арга замыг хамгийн оновчтой хэлбэрээр өөрчлөх боломжтойг илэрхийлэн "Өөрчлөлтийг хурдасгая” уриан дор тэмдэглэж байна.

Анх 1992 онд НҮБ-ын Хүрээлэн буй орчин, Хөгжлийн тухай Олон улсын хурлын (UNCED) үеэр дэлхийн усны тэмдэглэлт өдөртэй болох саналыг дэвшүүлж, улмаар 1993 онд НҮБ-ын Ерөнхий Ассамблейгаас 3 дугаар сарын 22-ны өдрийг “Дэлхийн усны өдөр” болгон зарлан тунхаглажээ. Энэ нь цэвэр ус болон усан хангамж, усны нөөцийн тогтвортой менежментийн асуудалд олон нийтийн анхаарлыг хандуулах, сурталчлан таниулах ач холбогдолтой ажээ.

Дундговь аймгийн БОАЖГ-аас жил бүрийн энэ өдөр сургалт, өдөрлөг, уралдаан зохион байгуулдаг ба 2023 онд ЕБС-ийн дунд ангийн сурагчдад “Усны хэрэглээ, усаа хэмнэх энгийн аргууд” сургалт зохион байгуулах, газрын доорх усны бүтцийг харуулсан баримтат кино үзүүлэх, асуулт хариултын “quiz day”  явуулахаар төлөвлөсөн байна.

Мөн иргэдэд усны хэрэглээтэй холбоотой мэдээлэл, сонирхолтой баримтуудыг цахимаар хүргэж байгаа юм.

Тус аймгийн хэмжээнд 4 жил тутамд усны тооллого зохион байгуулдаг ба 2020 онд хамгийн сүүлийн тооллогыг хийжээ. Тооллогоор Дундговь аймгийн нутаг дэвсгэрт 3507 худаг, 117 булаг, 18 нуур, 1 рашаан тоолуулжээ. 2016 оноос хойш 169 өрөмдмөл худаг шинээр гаргаж, 6 булаг сэргээсэн байна.       

Түүнчлэн аймгийн БОАЖГ-аас жил бүр байгаль орчныг хамгаалах, нөхөн сэргээх үйл ажиллагааны зардлаар 3 булгийн эхийг хашиж хамгаалах, 20-30 усны сан бүхий газарт тэмдэг, тэмдэглэгээ суурилуулах ажлыг гүйцэтгэдэг ажээ. 

Сайнцагаан сумын усны хэрэглээ, усны үнэ тарифын тухай "Дундговь-Ус" ОНӨҮГ-ын дарга О.Бархүүгээс тодруулахад “Сайнцагаан сумын гэр хороололд 17 ухаалаг худаг байна. Бүгд цэвэр усны төвлөрсөн шугамд холбогдсон. Гэр хорооллынхон нэг литр усыг 3 төгрөгөөр авч хэрэглэдэг бол орон сууцанд амьдардаг айл өрхүүд литр тутамд 1,98 төгрөг төлдөг.

Аймгийн төвийн хоногт хэрэглэдэг усны хэмжээ 600-650 тн орчим байдаг. Манай аймгийн хувьд одоогоор усаа цэвэршүүлж хэрэглэдэггүй, энэ онд багтааж Азийн хөгжлийн банкны хөрөнгө оруулалтаар ус цэвэршүүлэх байгууламж ашиглалтад оруулахаар ажиллаж байна.

Иргэд аяга тавгаа угаах, усанд орох, хүнсний ногоогоо цэвэрлэх, гар нүүрээ угаах зэрэгт усаа бага гоожуулж, суултуурын усаа олон дахин татахгүй байх, ус дусалж байгаа крантуудаа хааж, засч сэлбэж байх хэрэгтэй. Мөн худгаас ус авахдаа гадуур нь асгахгүй савандаа хийж хэвшвэл усаа бага ч гэсэн хэмнэх үйлдэл юм” гэлээ. 

Холбоотой мэдээ