ХӨВСГӨЛ: Сурагч М.Есүүгийн хандивласан шинэсний үрээр 30000 мод тарьж, ургуулах боломжтой

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | ХӨВСГӨЛ
gantuyaB@montsame.mn
2023-03-22 10:42:11

Мөрөн /МОНЦАМЭ/. Монгол Улсын Ерөнхийлөгч У.Хүрэлсүхийн санаачилсан “Тэрбум мод” үндэсний хөдөлгөөнд Хатгал тосгоны ерөнхий боловсролын сургуулийн 12-р ангийн сурагч М.Есүү нэгдэж өөрийн гараар түүж бэлтгэсэн шинэс модны 1 кг үрийг аймгийн үрийн фондод хандивлалаа.  

Монголын байгалийн нийт ойн сангийн 63.1 хувийг шинэсэн ой эзэлдэг бөгөөд Хөвсгөл аймагт хамгийн их тархан ургадаг, хөрсний үржил шим голдоггүй, хүйтнийг сайн тэсвэрлэдэг мод юм. Шинэсний 1 кг үрийг арчлан ургуулахад 30000 мод ургах боломжтой. Хүн бүр эх дэлхийгээ хайрлан, амьдарч буй орчноо эрүүл ногоон байлгахын тулд өөрийн чадах бүхнээрээ “Тэрбум мод” хөдөлгөөнд нэгдэн оролцохыг М.Есүү уриаллаа.  

Тэрбээр өнгөрсөн намраас эхлэн чөлөөт цагаараа гэр бүлийнхэнтэйгээ хамтран 2 сарын хугацаанд 1 кг үрийг түүж бэлтгэсэн байна.

 

Холбоотой мэдээ