ТӨВ: Аймгийн төвийн хэрэглэгчдийн хоногт хэрэглэдэг усны хэмжээ 1200-1300 орчим тн байдаг

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | ТӨВ
tuv@montsame.mn
2023-03-22 15:25:37

Зуунмод /МОНЦАМЭ/ НҮБ-аас жил бүрийн 3 дугаар сарын 22-ны өдрийг “Дэлхийн усны өдөр” болгон тодорхой уриан дор тэмдэглэж байхыг тунхагласан. Төв аймгийн хувьд Төв Чандмань Дулааны эрчим хүчний газраас уриалан Байгаль орчин аялал жуулчлалын газар, Зуунмод сумын ЗДТГ-тай хамтран жил бүрийн энэ өдөр сургалт, өдөрлөг, уралдаан зохион байгуулдаг.

Энэ жил ЕБС-ийн бүх шатны сурагчдад “Усны үнэ цэн, үнэлэмж нөөц түүнийг зөв зохистой ашиглах, хамгаалах, усны зүй зохистой хэрэглээг сурталчлан, таниулах зорилгоор гар зураг, эсээ, илтгэлийн уралдаанууд явуулахаар төлөвлөсөн байна.

        Мөн иргэдэд усны зүй зохистой хэрэглээтэй холбоотой мэдээлэл, сонирхолтой баримтуудыг байгууллагын цахим хуудсаар хүргэж байгаа юм.

"Төв Чандмань ДЭХГ" ОНӨААТҮГ-ын Цэвэр ус ашиглалтын инженер С.Цэрэндэжидээс тодруулахад, Төв аймгийн Зуунмод сумын цэвэр усан хангамж нь гүний 7 худгаас хоногт 1500-2000м.куб усыг олборлон 2 өргөлтийн станцаар 2х2000 м.кубын багтаамжтай нөөцийн усан санд хуримтлуулан 42.5 км урт шугам сүлжээгээр 2843 орон сууцны айл өрх, 175 төсөвт болон аж ахуйн нэгж байгууллага, 22 ус түгээх цэгээр 3000 гаруй гэр хорооллын айл өрхүүдэд цэвэр усыг түгээж иргэдэд үйлчилж байна.

Аймгийн төвийн хоногт хэрэглэдэг усны хэмжээ 1200-1300 тн орчим байдаг. Манай аймгийн хувьд Улсын төсвийн хөрөнгө оруулалтаар 2022 онд цэвэр эх үүсвэр, өргөх станцуудын өргөтгөл шинэчлэлийн ажил хийснээр ажлын байрны орчин нөхцөл сайжрах, усан хангамжийн найдвартай үйл ажиллагаа хангагдан ажиллаж байна.

Иргэд аяга тавгаа угаах, усанд орох, хүнсний ногоогоо цэвэрлэх, гар нүүрээ угаах зэрэгт усаа бага гоожуулж, суултуурын усаа олон дахин татахгүй байх, ус дусалж байгаа крантуудаа хааж, гэмтсэн шугам хоолойг цаг алдалгүй засч сэлбэж байх хэрэгтэй. Мөн худгаас ус авахдаа гадуур нь асгахгүй савандаа хийж хэвшвэл усаа бага ч гэсэн хэмнэх үйлдэл юм.

Ус хэмнэх хамгийн үр дүнтэй арга бол тоолууржуулах гэв.

 

1992 оны чуулганаас цэвэр усны гачигдалд байгаа олон улс орныг усны хомсдолоос гаргах, цэнгэг усны нөөцийг нэмэгдүүлэх, арвилан хэмнэх талаар улс орнуудад уриалан тус өдрийг тэмдэглэн өнгөрүүлдэг.

Дэлхийн усны өдрийг 2023 оны хувьд “Өөрчлөлтийг хурдасгая” гэсэн уриа дор тэмдэгдэхээр дэлхий даяар зарласан байна. Тухайлбал, НҮБ-аас “Дэлхийн нийтээрээ 2030 он гэхэд бүх нийтийг шаардлага хангасан ус, ариун цэврийн байгууламжаар хангах зорилго тавьсан бөгөөд уг зорилгод хүрэхийн тулд хүн бүр өөрсдийн зүгээс хувь нэмрээ оруулах, усны үнэ цэн, үнэлэмжийг олон нийтэд таниулах, усны нөөц, түүнийг зөв зохистой ашиглах, усны менежментийн өөрчлөлт, шинэчлэлтийг хурдасгаж, сайжруулах чиглэлээр улс орнуудыг хамтран ажиллах”-ыг уриалсан байна.


Холбоотой мэдээ