В.Аня: Хүмүүс ундны усандаа их анхаардаг. Харин рашаан хэрэглэхдээ найрлагыг чухалчилдаггүй учир энэ талын судалгааг сонгосон

МОНГОЛЫН МЭДЭЭ | БАЙГАЛЬ ОРЧИН
192@montsame.mn
2023-03-22 16:28:22

Улаанбаатар /МОНЦАМЭ/. Монгол Улсад ус судлалаар дээд боловсролтой мэргэжилтэн бэлтгэж эхэлсний 30 жилийн ой энэ онд тохиож байна. Ойн хүрээнд Дэлхийн усны өдөр БОАЖЯ, Усны газар, ЮНЕСКО-гийн Үндэсний комисс МУИС хамтран “Ус-хөгжлийн түлхүүр” оюутны эрдэм шинжилгээ, онол практикийн бага хурлыг зохион байгууллаа. Хурлын талаар МУИС-ийн Хэрэглээний шинжлэх ухаан-инженерчлэлийн сургуулийн Хэрэглээний математикийн тэнхимийн ус судлалын багш З.Мөнхцэцэгээс тодруулав.



Бага хурлын хүрээнд улсын хэмжээний, бакалаврын түвшний, усны чиглэлээр суралцаж буй ХААИС, Анагаах ухаан, Батлан хамгаалах, МУИС зэрэг сургуулийн оюутнуудыг хамруулснаар 22 бүтээл ирсэн. Устай холбоотой болохоор оюутнууд эрүүл мэнд, ахуйн хэрэглээ, рашаан сувилал, гадаргын болон газар доорх ус, байгалийн ус гээд маш сонирхолтой, өргөн сэдвийг хөндсөн гэв. Үүнээс МУИС-ийн Хэрэглээний шинжлэх ухаан-инженерчлэлийн сургуулийн Хүрээлэн буй орчин, инженерчлэлийн тэнхимийн IV түвшний дамжааны оюутан В.Анягийн хийсэн Монгол орны рашааны судалгаа анхаарал татсан юм.

Түүнтэй уулзвал, “Би Монгол орны хатуу болон хүйтэн рашааныг судалсан. Ялангуяа ундны усанд хэрэглэдэг хүйтэн рашааныг түлхүү сонгосон. Хүйтэн рашааныг тогтмол хэрэглэснээр чанар, найрлага нь хүний эрүүл мэндэд хэрхэн нөлөөлж байна, халуун рашааны хувьд өмнө судалж байгаагүйг нь сонирхолтой байсан" гэв.


Илтгэл, бүтээлийнхээ сэдвийг яагаад сонгох болсон гэсэн асуултад тэрбээр, “Би усны салбарыг их сонирхдог. Манай салбарын мэргэжил дотроо ус, хөрс, агаар гээд хуваагддаг. Хүмүүс худгийн ундны ус уухдаа тухайн ус ямар гэдгийг анхаардаг хэрнээ рашааныг хэрэглэхдээ гидро геологийн чулуулгийн агуулга, эрдэс чанар, найрлага, тэр бүхэн нь хүний биед ямар нөлөө, эрсдэлтэй, цаашид хэрхэн өөрчлөгдөх зэргийг тэр бүр чухалчилж үздэггүй.

Эдгээр нь хүний эрүүл мэндтэй шууд холбоотой байдаг болохоор сэдвээ сонгосон. Манай улсад социализмын үед рашааныг их судалж, рашаан сувиллын газрууд их нээгдэж байсан ч сүүлийн 20-30 жил рашааны судалгаа зогсонго болсон учрыг үүнийг сэргээж хөгжүүлье гэдэг үүднээс сонгосон" гэв.


МУИС-ийн Оюутны хөгжил хариуцсан дэд захирал, доктор, профессор Г.Галбаяр, “Манай сургуульд анх 1993-1994 оны хичээлийн жилд Ус, цаг уур, шинжилгээний хүрээлэнгийн Усны секторын эрхлэгч, доктор Н.Дашбилэгийн санаачилгаар усны чиглэлээр анхны оюутнуудыг сургаж эхэлжээ. Ингэснээр МУИС-д усны салбарын анхны дээд боловсролтой мэргэжилтнүүдийг эх орондоо бэлтгэж, 350 гаруй оюутан суралцан төгсөөд байна. 

Холбоотой мэдээ