БНСУ-ын Ерөнхийлөгч Япон, АНУ-тай аюулгүй байдлын хамтын ажиллагаагаа бэхжүүлэхээ амлалаа

ДЭЛХИЙН МЭДЭЭ | УЛС ТӨР
khulan@montsame.gov.mn
2023-03-24 15:18:28

СӨҮЛ. /NHK/. БНСУ-ын Ерөнхийлөгч Юн Сог Ёль БНАСАУ удаа дараалан цэргийн өдөөн хатгалга явуулж байгаатай холбогдуулан Япон, АНУ-тай гурван талын аюулгүй байдлын хамтын ажиллагаагаа улам бэхжүүлэхээ амлалаа.


Юн Сог Ёль өнөөдөр Тэжон хотын үндэсний оршуулгын газарт БНАСАУ-ын халдлагын улмаас, тодруулбал, 2010 онд Ёнпёндо арал руу гал нээх үеэр болон цэргийн хөлөг онгоцыг сүйрүүлсний улмаас амиа алдсан цэргийн алба хаагчдын дурсгалыг хүндэтгэх ёслолд оролцох үеэрээ дээрх мэдэгдлийг хийсэн байна.


БНАСАУ цөмийн зэвсгийн хөтөлбөрөө өдрөөс өдөрт хөгжүүлж, урьд хожид байгаагүйгээр олон пуужин харваж, өдөөн хатгасан үйлдэл хийж байгааг тэрбээр цохон тэмдэглэжээ. “БНАСАУ бодлогогүй өдөөн хатгалгынхаа хариуг хүртэнэ гэдгийг миний бие баттай мэдэгдэж байна” гэж тэрбээр хэлсэн байна.


АНУ, БНСУ-ын цэргийнхэн ээлжит цэргийн хамтарсан сургуулилалтаа пүрэв гарагт дуусгасны дараа БНАСАУ-ыг дахин өдөөн хатгасан үйлдэл хийж болзошгүйтэй холбогдуулан сонор сэрэмжээ хадгалсан хэвээр байна. 

Холбоотой мэдээ