СЭЛЭНГЭ: Хөрсний бохирдлоос урьдчилан сэргийлэх шинжилгээг хоёр жил тутам авдаг

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | СЭЛЭНГЭ
otgontsetseg@montsame.mn
2023-03-28 11:59:11

Сүхбаатар /МОНЦАМЭ/. Хөрсний экосистем дэх хүнд металлын бохирдол нь хэд хэдэн шалтгааны улмаас бохирддог байна.


Хөрсний бохирдлын голлох эх үүсвэр нь хүний үйл ажиллагааны гаралтай түлшний дутуу шаталт, хөдөө аж ахуйн үйл ажиллагаа, хот суурин газрын гэр хорооллын ариун цэврийн байгууламж, хог хаягдал, хөө тортог, хаягдал усны лаг зэргээс үүсдэг ажээ.


Сэлэнгэ аймгийн УЦУОШТ-өөс хөрсний бохирдлоос урьдчилан сэргийлэх, хөрсний доройтлоос хамгаалахын тулд 2 жил тутам тодорхой өгөгдсөн цэгүүдээс шинжилгээ авч байна.

Тухайлбал хөрсний чанарын хяналтын цэгээс авах шинжилгээг аймгийн төв Сүхбаатар сумын 14 цэгээс, агрохимийн шинжилгээг 7 элементээр хийдэг ажээ.

 

Шинжилгээг хийхдээ хүнд металлыг нарийн хянахын тулд 2016 оноос эхлэн мониторингийн цэгийг нэмэгдүүлэн хяналт тавин ажиллаж байгаа гэв. Тодруулбал, 2022 оны 5 дугаар сарын 5-9-ний хооронд Сүхбаатар суманд хийсэн шинжилгээг хөрсний мониторингийн 14 цэгээс, 0-10 см-ийн гүнээс дээж авч хийжээ.  

 

Энэхүү шинжилгээг Сүхбаатар сумын Депо, Корпус, Гэрэлт хөшөө, Ардын банк, 12-р точек, Сэлэнгэ-Энерго, Гурилын үйлдвэр, Цаг уурын талбай, Сод театр, Ник ШТС, Шүдэнзний үйлдвэр, Эмнэлэг, Алтанбулаг сумын гүүрний орчим, Мод боловсруулах үйлдвэр орчмоор дээж авч хийсэн байна.

 

Авсан дээжээ Байгаль орчин хэмжилзүйн төв лабораторид хүргүүлэн хүнд металл тодорхойлуулсан байна.

Мөн Ус, цаг уур орчны шинжилгээний төвийн Байгаль орчны шинжилгээний лабораторид хөрсний агрохимийн шинжилгээг 7 элементээр тодорхойлж, үр дүнгээ мэдээллийн санд оруулсан байна.

 

Дээрх шинжилгээг Сүхбаатар сумын хөрсөнд буй Cd, Pb, Hg, Cr, Zn, Cu, Co, Sr, Rb, Zr зэрэг хүнд металлд хийсэн байна.   

 

Шинжилгээний дүнгээс үзэхэд MNS 5850:2008 стандартаас Депогийн орчмоос авсан хөрсний дээжид цайр 2.94 дахин, Гэрэлт хөшөө ба Цэцэрлэгт хүрээлэнгээс бусад бүх мониторингийн цэгт стронци 1.04-1.49 дахин давж бохирдсон байна. Харин бусад элемент стандартын дагуу байгаа ажээ. 

Холбоотой мэдээ