ТӨВ: ХАА, үйлдвэрлэлийн стратеги төлөвлөлтийн хүрээнд “Монпеллетс” ХХК-тай хамтран ажиллана

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | ТӨВ
tuv@montsame.mn
2023-03-28 15:19:06

Зуунмод /МОНЦАМЭ/ Төв аймгийн хэмжээнд “Хөдөө аж ахуй, үйлдвэрлэлийн стратеги төлөвлөлт”-ийг боловсруулан шат шатандаа хэрэгжүүлэн ажиллаж байна. Тус төлөвлөлтийн дагуу аймгийн Засаг дарга Д.Мөнхбаатар Эрдэнэ сумын нутагт үйл ажиллагаа явуулдаг “Монпеллетс” хонины ноосон био бордооны үйлдвэртэй танилцлаа. Ингэснээр Эрдэнэ сумын МСҮТ-ийг түшиглэн “Монпеллетс” хонины ноосон био бордооны үйлдвэртэй хамтран ажиллахаар болсон юм.



Энэхүү ажлын үр дүнд орчин үеийн техник, тоног төхөөрөмж бүхий хонь хяргаж, ноос бэлтгэх, мал угаах “хоршоо” бий болж ажлын байр нэмэгдэхээс гадна малчдын ажлыг хөнгөвчилж, үнэгүйдээд байгаа хонины ноос, нэхийний үнэ тогтворжих давуу тал бий болж байна. Эхний ээлжинд Эрдэнэ суманд хэрэгжих бөгөөд цаашид 27 суманд хэрэгжүүлж, ажил хэрэг болгох бүрэн боломжтой гэдгийг онцолж байв.

 

Тус үйлдвэр нь 2014 оноос үйл ажиллагаагаа явуулж эхэлсэн бөгөөд Монголд дэвшилтэт технологиор 100 хувь хонины түүхий, угаагаагүй, боловсруулаагүй ноосоор дээд зэргийн органик бордоо үйлдвэрлэдэг юм

Түүнчлэн Монгол улсдаа худалдан борлуулахаас гадна ХБНГУ, Шинэ Зеланд зэрэг хэд хэдэн улсад экпортолдог байна. Мөн үйлдвэрлэсэн бордоогоо АНУ болон Япон улсад борлуулахаар туршилтын ажил хийж байгаа аж.


Төв аймаг, Эрдэнэ сум, 1-р баг, өгөөмөр Аржанчивлан суурингаас урд зүгт 4,5 км зайд байрладаг. Нийт 2500 м2 талбай бүхий инновац шингээсэн Европын стандартыг хангасан экспортын шинэ бүтээгдэхүүн Хонины ноосон бордооны үйлдвэр нь жилд 2500 тонн бордоо үйлдвэрлэх хүчин чадалтай.

2016 онд батлагдсан “Органик хүнсний тухай” хуулийг амьдралд хэрэгжүүлэхэд бодит хувь нэмрээ оруулах зэрэг зорилтууд тавин, олон жилийн турш идэвхтэй үйл ажиллагаа явуулж ирсэн байна.

 

Холбоотой мэдээ