Бизнес эрхлэгч эмэгтэйчүүдийн олон улсын “SheTrades” платформын салбарыг Монголд байгуулна

МОНГОЛЫН МЭДЭЭ | ЭДИЙН ЗАСАГ
192@montsame.mn
2023-03-29 17:34:55

Улаанбаатар /МОНЦАМЭ/. "Олон улсын худалдааны төв(ITC)-ийн 20 дахь удаагийн "Дэлхийн экспортыг хөгжүүлэх форум"-ыг манай улсад энэ оны 6 дугаар сарын 26-29-нд зохион байгуулна. Энэ хүрээнд бизнесийн салбар дахь эмэгтэйчүүдийн оролцоог нэмэгдүүлэх чиглэлээр санаачлан хэрэгжүүлдэг олон улсын “SheTrades” платформын Монгол Улс дахь "hub" буюу салбарыг байгуулахаар бэлтгэл ажлыг хангаж байна.

Энэ салбар нээгдсэнээр бизнес эрхлэгч эмэгтэйчүүд ОУХТ байгууллагаас зохион байгуулах бүхий л сургалтад хамрагдаж, шинэ зах зээл, хөрөнгө оруулалтын мэдээллийг авах боломжтой болохыг шилдэг бизнес эрхлэгч эмэгтэйчүүдийг шалгаруулж, шагнал гардуулдаг “Lady Entrepreneurёслолын үеэр МҮХАҮТ мэдээллээ.


Lady Entrepreneurёслол нь "Бизнес дэх эмэгтэйчүүдийн манлайлал” болон “Ёс зүйтэй манлайлал”, мөн “Асралын эдийн засаг” хэлэлцүүлгийг өрнүүлэн хосолсон хэлбэрээр болсон юм. Тодруулбал, бизнес эрхлэгч эмэгтэйчүүдэд тулгараад буй асуудал, түүнийг шийдэх гарцын талаар хэлэлцлээ.

Улс орнуудын өөр өөрийн онцлог нөхцөл байдлаас хамаарч бизнес эрхлэгч эмэгтэйчүүдэд тулгарч буй бэрхшээл, асуудал олон янз байна. Манай орны хувьд бизнес эрхлэгч эмэгтэйчүүдэд гол тулгамдаж буй зүйл нь цалингүй хөдөлмөрт буюу хүүхэд болон ахмадууд, мөн өвчтэй иргэдийг асрахад эрэгтэйчүүдээс 2-3 дахин илүү цаг зарцуулж байна. Энэ нь эргээд эмэгтэйчүүд бизнес эрхлэхэд цаг хугацааны хувьд бусад боломжийг хязгаарлах хүчин зүйл болж буйг хэлэлцүүлгээр хөндлөө.


Хэлэлцүүлгийг зохион байгуулагч байгууллагын нэг “Рио Тинто Монгол” ХХК-ийн гүйцэтгэх захирал Х.Амаржаргал, Монгол Улсад эдийн засаг, улс төр, нийгэмд үүрэг хариуцлага, ачааллыг эмэгтэйчүүд авч явдаг ч шийдвэр гаргах түвшинд эмэгтэйчүүд бага байгаа бөгөөд эмэгтэйчүүдийн оролцоо, хичээл зүтгэл төдийлөн сайн үнэлэгдэж чадахгүйг дурдлаа.

Рио Тинто” компани дэлхийн 35 улсад 65 төслийг амжилттай удирдаж буй нь бизнесийн ёс зүйтэй салшгүй холбоотойг тэрбээр онцолж, тус компанийн олон жилийн туршлага, ноу хау-г Бизнесийн ёс зүйн төвөөр дамжуулан Монгол Улсад нэвтрүүлэх, мөн ёс зүйтэй бизнесийн манлайллыг дэмжих, хувь нэмэр оруулахаар ажиллаж байна гэв.


“Ёс зүйтэй манлайлал” хэлэлцүүлэгт ХААН банк, “ТЭСО” групп, JCI Mongolia Women Club зэрэг байгууллагын удирдлага санал, байр сууриа илэрхийлсэн юм. ХААН банкны гүйцэтгэх захирал Р.Мөнхтуяа банк бодлого журам болон байгууллагын соёл, удирдлагын манлайллаар дамжуулан “ethical banker” хөтөлбөрийг зохион байгуулж, харилцагч нартаа зориулан ногоон хөгжил болон эмэгтэйчүүдэд зориулан бага хүүтэй, хөнгөлөлттэй зээлийн хөтөлбөр хэрэгжүүлж буй туршлагаа хуваалцлаа.


Lady Entrepreneur-2023”-ын Үйлчилгээний энтрепренёрээр шалгарсан “Да Хүрээ Трейд” ХХК-ийн ерөнхий захирал, Ц.Алимаа хэрэглэгч нарт хандсан бизнесийн манлайллыг өөрийн компанийн үйл ажиллагаагаар жишээ татаж хэллээ. Тэрбээр, хэрэглэгчдийн  хэрэгцээ шаардлагад бүрэн нийцсэн авто техникийн “Нэг цэг”-ийн брэнд үйлчилгээг хүртээмжтэй хүргэхээр онлайн худалдааны системтэй хослуулан хөгжүүлж, компанийн ажлын бүтээмж, бизнесийн өгөөжийг нэмэгдүүлснээр өнгөрсөн хугацаанд хөрөнгө оруулалт, бүтээн байгуулалт, тохижилт үйлчилгээнд  3.1 тэрбум төгрөгийг зарцуулан ажиллажээ.

Бизнес эрхлэгч, хамтран ажилладаг байгууллагуудын мэдээллийн нэгдсэн санг бий болгох, автомашин, сэлбэгийн борлуулалтыг нэмэгдүүлэх, гомдол саналыг шуурхай шийдвэрлэх зорилгоор “Хэрэглэгчийн үйлчилгээний төв”-ийг нээснээр өдөрт дунжаар 100 гаруй иргэнд үйлчилж байна. “Эко” орчин бүрдүүлэхээр “Нэг машин- Нэг ажлын байр- Нэг мод” аяныг зохион байгуулж, компанийн эзэмшлийн газар дахь ногоон байгууламжийг 50 хувиар өсгөж, 4025 ширхэг мод тарьжээ.  

70 гаруй ажиллагсадтай тус компанийн нийт ажилчдын 8 хувь нь хөгжлийн бэрхшээлтэй, 10 хувь нь өрх толгойлсон иргэд, 45 хувь нь 40-өөс дээш насны, 11 хувь нь тэтгэврийн насны иргэд, 45 хувийг эмэгтэйчүүд юм байна. 

Холбоотой мэдээ