ДАРХАН-УУЛ: Сурагчид сургуулийн хашаандаа хогоо ангилан хаяна

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | ДАРХАН-УУЛ
174@montsame.mn
2023-03-29 23:05:14

Дархан /МОНЦАМЭ/. Дархан сумын ЗДТГ-аас төрийн өмчийн ерөнхий боловсролын бүх сургуульд таван төрлийн хогийн сав байршуулжээ.


Сургуулиудын хашаанд хог ангилан хийх боломжтой зориулалтын савтай болсноор сурагчид цаасан хог хаягдал, хуванцар, гялгар уут, шил, лааз, аюултай хог, хүнсний хог, хаягдал гэсэн таван төрлөөр ялган хаях бөгөөд зориулалтын шат суурилуулжээ.


Сурагчид хогийг гудамж талбайд бус зориулалтын саванд ангилан хийснээр орчны бохирдол багасах, эх оронч, цэвэр цэмцгэр байх төлөвшлийг багаасаа өөртөө суулгах боломжтой гэж сургуулийн багш, ажилчид хэлж байна. Мөн хог хаягдлыг ил задгай хаяснаас үүдэн ямар хор, хохирол учрах, ангилан хаяснаар гарах үр дүнг хот тохижилтын газар болон БОАЖГ-ын мэргэжилтнүүд багшаар дамжуулан мэдээлэл, танилцуулга хүргүүлсэн аж.


Дархан сумын хэмжээнд жилд 50.000 тн хог хаягдал гардаг ажээ. Тухайн хогоос 30 хувь нь дахин боловсруулагддаг бол  үлдсэн нь байгальд буюу хогийн цэгт хаягддаг байна. Шалтгаан нь хогийг ангилж хаях сав хангалттай байдаггүй. Тиймээс сургуулиудын хашаанд хог ангилан хаях зориулалтын сав байршуулснаар хогоо ангилж, дахин боловсруулалтад өгөх, хог хаягдлыг мөнгө болгох боломжтой гэдгийг таниулах юм. Хог ангилах зориулалтын савыг “Ган хамгаалалт” ХХК тендерт шалгарч гүйцэтгэсэн бөгөөд хогийн савыг хийхдээ сурагчдын нуруунд тааруулж 2 талаас нь хийх боломжтойгоор хийж өгчээ.

Холбоотой мэдээ