Япон дижитал иений талаар судлах ажлын хэсэг байгуулна

ДЭЛХИЙН МЭДЭЭ | ЭДИЙН ЗАСАГ
khulan@montsame.gov.mn
2023-03-30 12:07:05

ТОКИО. /NHK/. Японы Сангийн яам дижитал иен гаргах боломжийг судлах шинжээчдийн ажлын хэсгийг ирэх сард байгуулахаар төлөвлөж байгаа талаар “NHK” телевиз мэдээллээ.


Ажлын хэсэг Төв банкны дэмжлэгтэй дижитал валютын тогтолцоог хэрхэн бий болгох талаар хэлэлцэх төлөвтэй байгаа бөгөөд энэ сарыг хүртэлх хоёр жилийн хугацаанд хийсэн Японы Төв банкны судалгааны үр дүнг ашиглах ажээ.


Ийм ажлын хэсгийг байгуулж байгаа нь Японы Төв банк, санхүүгийн байгууллагууд болон бусад хувийн хэвшлийн оролцогчдыг хамруулсан дижитал иений туршилтын хөтөлбөр эхэлж байгаатай цаг хугацааны хувьд давхцаж байгаа юм.


Одоогоор дижитал валют гаргах тодорхой төлөвлөгөө байхгүй гэдгийг Төв банкны төлөөлөгчид мэдэгджээ. Ийм валютыг гаргахын тулд холбогдох хууль эрх зүй, тогтолцооны асуудлуудыг шийдэхэд цаг хугацаа шаардагдах төлөвтэй байна.


Харин Сангийн яам ажлын хэсгийн санал бодлыг харгалзан үзэж, дижитал иенийг нэвтрүүлэхэд бэлтгэхээр төлөвлөж байгаа аж.


Европ, АНУ, Хятадын Төв банкууд дижитал валютуудын оршин тогтнох чадварыг хэдийнээ судалж эхлээд байгаа бөгөөд ийм валютуудыг мөнгөн тэмдэгт, зоостой ижил байдлаар ашиглах боломжтой.


АНУ-ын технологийн салбарт тэргүүлэгч “Meta” компани дөрвөн жилийн өмнө өөрийн криптовалютыг гаргахаар төлөвлөж байгаагаа зарласнаар дижитал валютуудаас үүдэх үр дагавар олны анхаарлын төвд орж байлаа.


Тухайн үед зохицуулагч байгууллагуудын зүгээс дижитал валютыг мөнгө угаахад ашиглаж, мөнгөний тогтвортой байдалд заналхийлж болзошгүй гэж болгоомжилж байв. Хожим нь “Meta” дээрх санаагаа орхижээ.


Дижитал валют гаргах чиглэлд Хятад улс тэргүүлэх байр суурь эзэлж байгаа бөгөөд өнгөрсөн онд Бээжингийн Олимпын үеэр дижитал юанийг туршилтын хэлбэрээр анх гаргаж байсан юм.


Мөн АНУ-ын Холбооны нөөцийн сан 2022 онд дижитал долларын талаарх анхны тайлангаа гаргаж байв. Харин Европын Төв банк дижитал евро гаргах эсэхээ энэ онд шийдэх төлөвтэй байна.


Энэтхэг улс мөн мөнгөн тэмдэгтээ дижитал хэлбэрээр гаргахаар төлөвлөж байна.

Холбоотой мэдээ