ТӨВ: Эрүүл мэндийн салбарын ажилтан өмнөх оноос 138.2 буюу 8.6 функтээр цөөрсөн

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | ТӨВ
tuv@montsame.mn
2023-03-30 15:04:52

Зуунмод /МОНЦАМЭ/ Дэлхийн эмч нарын өдөр өнөөдөр тохиож байна. Төв аймагт эрүүл мэндийн байгууллагад нийт 1300 хүн ажилладаг. Үүнээс их эмч 237, бага эмч 55, сувилагч 316, эх баригч 32, хөдөлгөөн засалч 5, эм зүйч 29, эм найруулагч 38, бусад дээд мэргэжилтэн 109, эмнэлгийн болон техникийн боловсролтой бусад ажилтан 460, нийгмийн эрүүл мэнд, био-анагаахын мэргэжилтэн 19 байдаг.

Эдгээрээс 1083 буюу 83.3% нь эмэгтэй, 217 буюу 16.7% нь эрэгтэй ажилтан байдаг байна.

Аймгаас Эрүүл мэндийн салбарыг мэргэшсэн хүний нөөцөөр хангах, дутагдалтай байгаа эмч, мэргэжилтнийг бэлтгэхэд онцгойлон анхаарч байгаа хэдий ч төдийлөн амжилтад хүрэхгүй байгаа талаар хэлэв. Тодруулбал, “Төв аймаг нь улсын нийслэл Улаанбаатар хотыг тойрон хүрээлдэг. Томоохон хотын хөгжлийг дагаад аймагтаа ирж ажиллах хүсэлтэй эмч нар төдийлөн байдаггүй. Ихэвчлэн хувийн эмнэлэгт ажиллах, эсвэл өөрсдөө эмнэлэг нээж ажиллуулах гэх мэтээр асуудал байдаг. 2022 онд хүний нөөцийн хангалт 76.4 хувьтай байсан. Төгсөлтийн дараах үндсэн болон төрөлжсөн мэргэжлийн сургалтад нийт 25 эмч хамрагдсан бөгөөд бид мөн тэдгээр эмч нарт тодорхой хэмжээний дэмжлэг үзүүлж байсан.

Түүнчлэн нийгмийн баталгааг хангах чиглэлээр орон байраар 63 эмчийг хангасан. Тус онд ажлаас гарсан 300 эмч, шинээр ажилд орсон 229 байсан. Энэ нь 10000 хүн амд ногдох эрүүл мэндийн салбарын ажилтан өмнөх оноос 138.2 буюу 8.6 функтээр цөөрсөн” гэв.

 

 


Холбоотой мэдээ