ТӨВ: “Илгээлтийн эзэн” хөтөлбөрийг 12 өрхөд хэрэгжүүлж эхэллээ

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | ТӨВ
tuv@montsame.mn
2023-03-30 15:14:58

Зуунмод /МОНЦАМЭ/ Монгол Улсын Засгийн газар болон аймаг, сумын Засаг даргын үйл ажиллагааны хөтөлбөрт багтсан “Илгээлтийн эзэн” хөтөлбөрийг Алтанбулаг сум хэрэгжүүлж эхэлжээ.

Тус хөтөлбөрөөр төллөх мал, малын тоо толгой олон ч, хүн бүл цөөтэй 12 өрхөд төрийн болон төрийн бус байгууллагын ажилтан, албан хаагчдыг тодорхой хугацаанд ажилуулах гурвалсан гэрээ байгуулсан байна. Албан хаагчид тухайн малчин өрхдөө мал төллүүлэх, хонь хариулах, ямаа самнах, хашаа хороо, саравч барих ажлуудыг хийж тусалж байгаа юм.

Жилийн дөрвөн улиралд, тэр дундаа хаврын улиралд төл хүлээн авах, ямаа самнах гээд малчдын ажил нэмэгддэг. Их ажлын цаг үетэй уялдуулан сумын Засаг даргын захирамжаар ажлын баг байгуулан сумын удирдлага, байгууллагын удирдлага, малчидтай гурвалсан гэрээ байгуулж байгаа юм.

Цаашид сум орон нутгийнхаа онцлог байдалд тулгуурлан “Илгээлтийн эзэн” хөтөлбөрийг өргөн хүрээтэй зохион байгуулж, зөвхөн хаврын цагт бус жилийн дөрвөн улиралд хэрэгжүүлж ажиллахаа сумын удирдлага онцолсон.

Холбоотой мэдээ