Л.Дэлгэрзул: Сургууль, цэцэрлэгийн засварын ажлыг хавар хийвэл будаг, цавууны хоруу чанар багасна

МОНГОЛЫН МЭДЭЭ | ЭРҮҮЛ МЭНД
boloroo8136@gmail.com
2023-03-30 15:11:45

Улаанбаатар /МОНЦАМЭ/. Утаанаас илүү дотоод орчны агаарын бохирдлын хор хөнөөлийг ойлгож, түүнээс сэргийлэх нь нэн тэргүүний ажил болоод байгааг Хүний их эмч, орчны эрүүл мэнд судлаач Л.Дэлгэрзул өнөөдөр болсон эмч, судлаач нартай мэдээлэл солилцох сургалтын үеэр онцлов.


Тэрбээр үүнтэй тэмцэх хамгийн эхний арга хэмжээ бол сургууль, цэцэрлэгийн анги засварын ажлыг найм, есдүгээр сард биш зун хичээл амрахаар хийж хэвших шаардлагатай гэдгийг тодотголоо. Тэрбээр хэлэхдээ, “Бид гадаад орчны агаарын бохирдлыг хангалттай ярьж, шаардаж байгаа. Гэтэл дотоод орчны агаарын бохирдлын хор уршгийн талаар төдийлөн сайн мэдэхгүй байгаа нь маш том асуудал юм. Бид Монголын ирээдүй болсон үр хүүхдүүдийнхээ өдрийн хамгийн их цагаа өнгөрүүлдэг цэцэрлэг, сургуулийн засварын ажлыг хийхдээ тендер зарлан хамгийн хямд, хамгийн муу материал ашиглан намар наймдугаар сард хийж байна. Засвараа хавар эрт хийчихвэл хүүхдүүд амраад, хичээлдээ ороход будаг, цавууны наалтны дэгдэмхий ууршимтгай органик агаарын нэгдлүүд задарч, хоруу чанар нь багасна. Хичээл эхлэхтэй уралдаад анги будах нь хүүхдүүдийн эрүүл мэндэд асар хортойг баталсан судалгаа хангалттай бий. Тиймээс сургууль, цэцэрлэг, үйлчилгээний газарт дотоод орчны агаарын бохирдлын стандартыг батлах хэрэгтэй” гэв.


Энэ үеэр "Ногоон титэм" лабораторийн эрхлэгч Б.Алтангадас барилгын материалаас ялгарах хортой бодисуудын талаар танилцуулав. Тус лабораториос 11 сургууль, 4 цэцэрлэгт дотоод орчны агаар дахь дэгдэмхий органик нэгдлийн агууламжийг шинжлэхэд будагт ашигладаг формальдегид, бензол бодис байх ёстой хэмжээнээсээ их илэрчээ. Эдгээр нь цочроох болон хавдар үүсгэгч химийн бодис аж. Тиймээс чанарын тэмдэгтэй, тохирлын гэрчилгээтэй, үнэр багатай, эрүүл ахуйн шинжилгээ хийсэн барилгын материал сонгохыг зөвлөв. Ямар нэгэн хурц үнэртэй будаг, цавуу, модон хавтан ашиглаж дотоод засал хийсэн, тавилга авсан бол үнэр нь багастал буюу ууршилт явагдаж дуустал тухайн орчинд байхаас зайлсхийх хэрэгтэй. Хэрэв ямар нэгэн бодис үнэртэх, шалтгаангүй толгой өвдөх, хамар, залгиур шархирах, нүднээс нулимс гоожих тохиолдолд мэргэжлийн байгууллагад хандахыг зөвлөсөн юм.



Холбоотой мэдээ