Н.Батсуурь: Махны экспорт зах зээлийн эрэлт хэрэгцээ, хэрэглээнээс голлон хамаарна

МОНГОЛЫН МЭДЭЭ | ЭДИЙН ЗАСАГ
192@montsame.mn
2023-03-30 15:37:19

Улаанбаатар /МОНЦАМЭ/. Манай улсын махны жилийн хэрэглээ 629.4 мянган тонн гэсэн тооцоо бий. Тэгвэл үйлдвэрлэл буюу мах төхөөрөх хүчин чадал 343.0 мянган тонны хэмжээнд байна. Экспортлох эрх бүхий төхөөрөх үйлдвэрийн хүчин чадал 174.6 мянган тонн. Үүнээс:

  • ОХУ-д гаргах эрх бүхий 36 компани,
  • БНХАУ-д экспортлох эрх бүхий 20 ААН,
  • Ойрхи Дорнодын орнууд болон Япон улсад гаргах эрх бүхий 5-10 компани байна.

Эндээс харахад манай улсын ОХУ-д мах гаргах ААН-ийн тоо давамгайлж байгаа мэт боловч бодит байдал дээр хойд хөрш рүү хийх экспортын хэмжээ бага байгаа нь статистикаас харагдана. Энэ талаар Монголын Махны холбооны гүйцэтгэх захирал Н.Батсууриас тодруулбал, монгол махны зах зээл нь өмнө нь Орост байсан. Тус улсын бүх хууль тогтоомжид Монголоос оруулж ирж буй махыг зөвхөн үйлдвэрийн түүхий эдийн зориулалтаар, дахин боловсруулалтад оруулна гэсэн заалттай болсон.

Тийм учраас ОХУ-ын зах зээлд өргөн хүрээнд тоглогч байхад хэцүү болсон. Оросын дотоод зах зээл дэх байгууллагууд бидэнд хандан, монгол махыг цааш нь зах зээлд худалдах талаар хамтарья гэсэн санал тавьдаг. Манай холбооны хувьд хөрш орнуудын болон зах зээлийн эрэлт, хэрэгцээтэй байгаа орнуудтай хамтын ажиллагаагаа өргөжүүлэх тал дээр анхаарч ажиллаж байгаа гэсэн хариу өгсөн юм.




Манай улсын махны экспорт 2017-2018 онд 66 мянган тоннд буюу хамгийн дээд хэмжээнд хүрч байсан бол сүүлийн хоёр жилд 57.5-аас 39.9 мянган тонн болж бууран, өнгөрсөн оны байдлаар 22.1 мянган тонн болоод байна. 


“ОХУ-д мах экспортлох нэг арга зам нь мах боловсруулах хамтарсан үйлдвэр байгуулах гэсэн санал байдаг. Энэ хэр ашигтай вэ?” гэсэн асуултад тэрбээр, хамтарсан үйлдвэрийг хаана, хилийн наана, цаана, аль улсдаа байгуулах гэдгээс хамаарна гэсэн юм.

Махны экспортын талаар тэрбээр цааш нь хэлэхдээ, экспорт гадаадын зах зээл дээрх эрэлт хэрэгцээ, хэрэглээнээс онцгойлон хамаарч буйг онцолсон юм. Манай улс махаа экспортлоё гэж байгаа бол наад зах нь өмнөх шигээ малын өвчнийг олон улсын холбогдох байгууллагуудаас нууж далдлаад өнгөрөөх бус, тухайн өвчнийг хянах, хянаж чадаж байгаагаа олон улсад нотлох хэрэгтэй, ингэснээр махаа экспортолж чадна гэдгийг хэлж байв.


Махны үйлдвэрлэлийг мал, мах бэлтгэлээс эхлээд боловсруулалт худалдаа хүртэл төрөлжүүлэх шаардлагатай байна.



Монголын Махны холбооноос манай улсын Мах үйлдвэрлэл, боловсруулах салбарын цаашдын шинэчлэлийн талаарх шийдлийг сэтгүүлчдэд танилцуулсан юм. 


Манай улсад мал, мах бэлтгэл дээр малын амьдын ашиг шимийг л авахыг бодож ханддаг гээд энд малчдад өгдөг урамшууллаар жишээ татаж байлаа. Мах бэлтгэлээс эхлээд боловсруулалт, үйлдвэрлэл, экспорт хүртэлх үйл явцыг махны хэрэгцээ, хэрэглээтэй холбон хандах учиртай. Тиймээс мал, мах бэлтгэл боловсруулалтад хэрэглээний эрлийзжүүлэлт гэсэн нэр томъёо хүртэл орж ирснийг хэлж байлаа. Түүнээс зарим зүйлийг тодруулав.

-Манай улсад сүүлийн жилүүдэд эрчимжсэн мал аж ахуйг нилээн хөгжүүлж эхэллээ. Та ХАА-н салбарт удирдах ажилтнаар олон жил ажилласан мэргэжилтэн хүний хувьд үүний гол зорилго, зарчим юунд төвлөрөх ёстой талаар саналаа хэлнэ үү?

-Одоо бидний яриад буй эрчимжсэн мал аж ахуй болон мал аж ахуйг эрчимжүүлэх гэдэг нь хоёр өөр ойлголт юм. Эрчимжсэн мал ахуй гэдэг бол махны үхэр, гахай, шувууны аж ахуй гээд аль нэг мал, амьтанг тусгайлан, өндөр ашиг шимтэй үржүүлэх, тусгай зориулалтын аж ахуй юм. Үүний эхлэл манай улсад тавигдаад байна. Аяндаа цаашаа зах зээлийнхээ эрэлт хэрэгцээнд тулгуурлаад хөгжөөд явна. Харин мал аж ахуйг бүхэлд нь эрчимжүүлэх шаардлага бол огт өөр зүйл. Энэ нь мөн л бэлчээрийн даацтай холбоотойгоор бэлчээрийн мал аж ахуйгаа эрчимжүүлэх явдал юм гэв. 




Монголын Махны холбооны удирдлагууд сэтгүүлчидтэй уулзах үеэр мах боловсруулах ААН-үүд зах зээлд нэгдэн гарах, кластерийн хамтарсан компани байгуулж буй таатай мэдээг дуулгалаа. Мөн ХХААХҮЯ-нд Монголын Махны зөвлөл байгуулах гэж буй талаар мэдээллээ. Энэ нь тухайн салбарыг асуудлыг хэлэлцэж байх төр, хувийн хэвшил, ТББ-уудын оролцоотой бүтэц бүхий түншлэлийн байгууллага байх юм гэдгийг хэлж байна. 


Холбоотой мэдээ