“Toyota”-гийн борлуулалт түүхэн дээд үзүүлэлтэд хүрчээ
ДЭЛХИЙН МЭДЭЭ | ЭДИЙН ЗАСАГ
ТОКИО. /Reuters/. Японы автомашин үйлдвэрлэгч “Toyota Motor” компанийн дэлхий даяарх борлуулалт хоёрдугаар сард түүхэн дээд үзүүлэлтэд
хүрч, үйлдвэрлэлийнх нь хэмжээ хоёр сар дараалан өссөн үзүүлэлттэй гарчээ.
Гэсэн хэдий ч цар
тахлаас үүдэлтэй эд ангийн хомсдол тулгамдсан асуудал хэвээр байгааг компанийн
мэдэгдэлд дурдсан байна. Цар тахлын үеэр “Toyota” бусад автомашин үйлдвэрлэгчидтэй харьцуулахад нийлүүлэлтийн
сүлжээний асуудлыг сайн зохицуулж чадсан ч 2022 онд сар тутмын үйлдвэрлэлийн
зорилтоо нэг бус удаа бууруулсан билээ.
Өнгөрсөн сард
Японы автомашин үйлдвэрлэгч хамгийн том компанийн дэлхий даяарх борлуулалт өмнөх
оныхоос 10.3 хувиар өсөж, 773 271-д хүрчээ. Үүнд дотоодын борлуулалт 53.2
хувиар өссөн нь голлох нөлөө үзүүлсэн байна. Өмнөх оны мөн үед хагас дамжуулагч
хомсдсоны улмаас борлуулалт огцом унаад байсан юм.
“Toyota”-гийн мэдээлснээр, энэ оны хоёрдугаар
сард дэлхий даяарх үйлдвэрлэл 2 хувиар өсөж, 755 839-т хүрснээр зорилтот
түвшнээс /750 мянга/ давсан байна. Энэ үзүүлэлт нэгдүгээр сард
8.8 хувийн өсөлт үзүүлээд байв. Түүнчлэн нэгдүгээр сард өмнөх оныхтой
харьцуулахад 30.1 хувиар өссөн дотоодын үйлдвэрлэл өнгөрсөн сард мөн 11.2
хувиар өсжээ.