Согтуугаар осол гаргасаар байна
МОНГОЛЫН МЭДЭЭ | ХУУЛЬЕсдүгээр сарын 3, 4-нд буюу амралтын өдрүүдэд Улаанбаатар хотын Замын цагдаагийн газрын Жижүүрийн шуурхай удирдлагын хэлтэс нийт 564 дуудлага, мэдээ мэдээлэл хүлээн авчээ.
Эдгээрээс зам тээврийн ослын 392 дуудлага бүртгэгдсэн байна. Үүнээс гэмт хэргийн шинжтэй гомдол мэдээлэл 26 бүртгэгдэж, нэг хүний амь нас хохирч, 28 хүн хүнд, хөнгөн гэмтжээ. Нийслэлийн Сонгинохайрхан дүүргийн нутаг Дархан-Сэлэнгийн замд “T.Estima” маркийн авто машины жолооч явган зорчигч 52 настай эрэгтэйг мөргөж, амь насыг нь хохироосон байна. Мөн Баянзүрх дүүргийн нутаг Монелийн зам, Саруул дэлгүүрийн баруун замд “T.Wish” маркийн авто машины жолооч явган зорчигч болон зургаан настай эмэгтэй хүүхдийг мөргөж гэмтээжээ. Хөдөө орон нутагт Дархан-Уул аймгийн Дархан сумын 10 дугаар багийн нутагт төв зам дээр “H.Sonata” маркийн авто машины жолооч нь согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ тээврийн хэрэгсэл жолоодон шон мөргөж, зорчигч 34 настай эрэгтэйн амь нас хохирч, нэг хүн гэмтсэн бол Төв аймгийн Батсүмбэр сумын 4-р баг, Үдлэг гэх газар асфальтан замд “Даюун” маркийн дугааргүй мотоцикльтой хүн “H.HR-V” авто машинтай мөргөлдөж, жолооч 26 настай эрэгтэйн амь нас хохирсон хэрэг гарчээ.
Согтуугаар тээврийн хэрэгсэл жолоодсон нийт 127 жолоочийг илрүүлж, гарч болзошгүй осол хэргээс урьдчилан сэргийлжээ.
Ж.Батсайхан