Цагаан хад суурьшлын бүсэд төрийн цахим үйлчилгээний “Хурдан” цэг нээлээ
МОНГОЛЫН МЭДЭЭ | НИЙГЭМ
Улаанбаатар /МОНЦАМЭ/. Өмнөговь аймгийн Гашуунсухайт боомтын Цагаан хад суурьшлын бүсэд төрийн цахим үйлчилгээний “Хурдан” цэгийг нээлээ.
Ингэснээр тус бүсэд ажиллаж, амьдарч буй 23 мянга гаруй иргэн төрийн үйлчилгээг
хамгийн ойр цэгээс, хурдан, шуурхай авах боломж бүрдэж байгаа юм.
Засгийн газрын цахим
шилжилтийг эрчимжүүлэх, цахим үндэстэн болох зорилтын хүрээнд төрийн цахим үйлчилгээг иргэдэд хүргэх, тэднийг мэдээлэл, зөвлөгөөгөөр хурдан
шуурхай хангах чиг үүрэг
бүхий Төрийн цахим үйлчилгээний зохицуулалтын газрыг байгуулаад 3 сар болж байна.
Тус байгууллага одоогоор төрийн цахим үйлчилгээний “Хурдан” цэгийг Улаанбаатар хотын 14 байршилд нээгээд байна. Мөн хилийн чанадад ажиллаж амьдарч буй Монголчууддаа төрийн үйлчилгээг хүргэхээр БНСУ-ын Сөүл хотын ДТГ, ХХҮТ, Пусан хотын ДТГ, Австрийн Вена хотод Төрийн үйлчилгээний “Хурдан” цэгийг байгуулжээ.
ЦХХХ-ны дэд сайд Ж.Эрхэмбаатар, “Одоогоор 39 байгууллагын 440 орчим
үйлчилгээг хүн, хуулийн этгээдэд операторын горимоор үзүүлэх бэлтгэл хангаж
байна. Цаашид энэ ондоо үе шаттайгаар 55 байгууллагын 790 орчим төрийн үйлчилгээг иргэд “Хурдан”
цэгээр дамжуулан авах боломж бүрдэнэ. Энэ ажлыг яаралтай хийхэд ЦХХХЯ, Төрийн цахим үйлчилгээний
зохицуулалтын газар, "И-Монгол академи" УТҮГ зэрэг байгууллага онцгой анхаарч байна. Шинэ сэргэлтийн бодлогын хүрээнд төрийн үйлчилгээг
цахимжуулж, хүнд суртлыг бууруулах,
хүртээмж, тоог нэмж, иргэдэд орон зай, цаг хугацаанаас үл хамаарч төрийн
үйлчилгээг цахимаар хурдан шуурхай, чирэгдэлгүй, хамгийн ойр цэгээс авах боломж
бүрдэнэ” хэмээн ярьсныг тус яам мэдээллээ.
Төрийн цахим үйлчилгээний “Хурдан” цэгийг Монгол Улсаас хилийн чанадад суугаа дипломат төлөөлөгчийн 47 газар, нийслэлийн 61 цэг, 21 аймагт ирэх 4, 5 дугаар сард нээхээр төлөвлөөд байна. Ингэснээр иргэд “ХУРДАН” гэсэн брендбүүк бүхий хаягжилттай газраас төрийн үйлчилгээг авах боломжтой юм.