ДАРХАН-УУЛ: Төсөлд хамрагдан сэтгэл зүйн зөвлөгөө өгөх өрөөтэй болжээ

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | ДАРХАН-УУЛ
174@montsame.mn
2023-04-05 13:29:09

Дархан /МОНЦАМЭ/. Дархан сумын 15 дугаар баг нь Монгол Улсын хамгийн их хүн амтай. Хүн амын төвлөрөл ихтэй тус багийн захиргаанаас иргэд рүү чиглэсэн олон ажил хийж байгаа аж. Түүний нэг нь гэр бүлийн маргаан, өсвөр залуу үеийнхэнд зөвлөгөө, мэдээлэл, сургалт сурталчилгаа зохион байгуулах сэтгэл зүйн зөвлөгөө өгөх өрөө байгуулжээ.

Багийн нийгмийн ажилтан, засаг дарга нар 2020 онд Хууль зүйн яамнаас зарласан “Сайн хөршийн холбоо” төсөлд хамрагдаж “Иргэдэд сэтгэл зүйн зөвлөгөө” өгөх өрөөгөө тохижуулжээ. 



Төслийн хүрээнд хоёр сэтгэл зүйч өглөө, өдөр гэсэн цагийн хуваарийн дагуу иргэдэд үйлчилж байна. Гурван жилийн хугацаанд хэрэгжих уг төсөл энэ онд дуусах ажээ. Цар тахлаас шалтгаалан нийтийг хамарсан үйл ажиллагаа зохион байгуулаагүй, сургалт сурталчилгаа хийх боломжгүй хоёр жил өнгөрчээ. Нэг сар орчмын өмнөөс иргэд хүлээн авч эхэлсэн сэтгэл зүйчдэд гурван долоо хоногийн хугацаанд 30 гаруй иргэн ханджээ.



Үүнээс үзэхэд сэтгэл зүйн зөвлөгөө, засал авах шаардлагатай иргэд олон байна. Үнэ төлбөргүй зөвлөгөө мэдээлэл өгч байгаа учраас иргэдийн ирэх урсгал тасрахгүй байна гэж сэтгэл зүйч Ө.Одончимэг онцолж байна. Ихэвчлэн гэр бүлийн харилцаанд тулгуурлан зөвлөгөө мэдээлэл авдаг бол цөөн тохиолдолд өсвөр насныхан ирдэг аж. Өдөр тутмын урсгал зардлыг багийн төв хариуцдаг бол сэтгэл зүйчдийн цалин, урамшууллыг төслийн санхүүжилтээр олгож байна.



Төсөл дууссаны дараа тухайн үйл ажиллагааг үргэлжлүүлэх бөгөөд цалин, урамшууллын асуудлыг Дархан сумын ЗДТГ шийдвэрлэхээр төлөвлөж байна гэж засаг даргын орлогч П.Ихбаяр онцоллоо. Энэ онд Дархан сумын ЗДТГ-аас таван газар сэтгэл зүйн зөвлөгөө мэдээлэл өгөх өрөө бий болгож иргэдэд хүрч ажиллахаар төлөвлөжээ.

Ташрамд, Дархан сумын 15 дугаар баг нь 9000 гаруй оршин суугчтай үүнээс 1200 нь ахмад настан ажээ.

Холбоотой мэдээ