Богдхан уулын 13 аманд газар ашиглахыг хориглоод байна

МОНГОЛЫН МЭДЭЭ | БАЙГАЛЬ ОРЧИН
192@montsame.mn
2023-04-06 12:16:46

Улаанбаатар /МОНЦАМЭ/. БОАЖЯ өөрийн хамрах үйл ажиллагааны хүрээнд хийсэн хяналт, шалгалтын талаар өнөөдөр мэдээллээ. Тодруулбал, тус яаманд нийслэлийн Сүхбаатар дүүргийн VIII хорооны нутаг дэвсгэрт орон сууцны барилга барьж буй СH Трейд ХХК барилгын сууриас гарсан газрын доорх усыг зөвшөөрөлгүйгээр Сэлбэ гол руу нийлүүлж байна гэх мэдээлэл иргэдээс ирүүлжээ. Үүний дагуу байдлыг хянаж шалган тогтоож, ус шавхан зайлуулах ажиллагааг зогсоож, дээрх үйлдэлд зөрчлийн хэрэг нээжээ. Улмаар зөрчил шалган шийдвэрлэх ажиллагааны хүрээнд усны нөөцөд учирсан хохиролд 17 орчим сая төгрөгийн нөхөн төлбөр, 1.5 сая төгрөгийн торгууль оногдуулж буй эрх бүхий албан тушаалтны даалгавар хүргүүлснийг мэдээллээ.


Хэвлэлийн бага хурлаар Дорнод аймгийн Матад суман дахь Петрочайна дачин Тамсаг ХХК-ийн 19 дүгээр талбай дээр хугацаа нь дууссан, устгах шаардлагатай 32 нэр төрлийн 592 тонн орчим химийн бодис хадгалагдаж буй талаар хөндлөө. Энэ талаар БОАЖЯ-наас өгсөн үүрэг даалгаврын хүрээнд Элемент ХХК химийн бодисын хог хаягдлыг график төлөвлөгөө гарган устгаж эхэлжээ. Өнгөрсөн сарын байдлаар 577 тонн аюултай хог хаягдлыг устгаад байгаа мэдээллийг тус яаманд ирүүлсэн байна


Мэдээллийн үеэр БОАЖЯ “Жорлон” үндэсний чуулганаас гарсан зөвлөмжийн хүрээнд байгаль орчинд ээлтэй, стандартын шаардлагад нийцсэн ариун цэврийн байгууламжийг хэрэглээнд нэвтрүүлсэн ААН, айл өрхөд банк санхүүгийн байгууллагатай хамтран хөнгөлөлттэй ногоон зээл олгохоор төлөвлөж буйг дуулгалаа.

Мөн БОАЖЯ-наас Тусгай хамгаалалттай газар нутагт газар эзэмшигч нарын мэдээллийг шилэн болгож буйг мэдээлэв. Салбарын яам Богдхан уулын дархан цаазат газрын болон Горхи-Тэрэлжийн Байгалийн цогцолборт газрын дотоод бүсчлэлийг шинэчлэн тогтоох, хязгаарлалтын бүсийн талбайг багасгаж, хамгаалалтын бүсийн талбайг нэмэгдүүлэхээр ажиллаж байна.   


Нийт 298 иргэн, ААН, байгууллагын газар ашиглах эрхийг хүчингүй болгожээ. Мөн өнөөдрийн байдлаар Богдхан уулын дархан цаазат газрын нийт 13 амыг БОАЖ-ын сайдын тушаалаар хориглоод байгааг мэдээллээ. Үүнд, Баруун богино, Нүхт, Залаатын баруун болон зүүн богино, Шажинхурах, Ширдэгт, Энхтайван, Ташгай, Манзушир, Тайна, Төрхурах, Чулуут, Бумбатын амны нийт 5900.12 га талбай орж байна.
Тусгай хамгаалалттай газар нутаг дэвсгэрт нийт 3185 иргэн,
ААН, байгууллагад 7331.48 га газрыг аялал жуулчлалын зориулалтаар олгосон байдаг аж. 

Холбоотой мэдээ