ДАРХАН-УУЛ: Стандартын шаардлага хангасан жуулчны бааз байдаггүй

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | ДАРХАН-УУЛ
174@montsame.mn
2023-04-06 16:57:47

Дархан /МОНЦАМЭ/. Тогтвортой аялал, жуулчлалыг чадавхжуулах сургалт Дархан хотод эхэллээ. Гурван өдөр үргэлжлэх энэхүү сургалтыг БОАЖГ, Европын холбооны санхүүжилттэй “Найрамдал” төсөл, хамтран зохион байгуулж байна. 

Дархан-Уул аймгийн аялал жуулчлалын үйлчилгээ үзүүлэгч аж ахуйн нэгж, иргэд, салбарын мэргэжилтнүүдэд зориулсан уг сургалтаар цаашид хэрхэн хөгжүүлэх талаар ярилцаж, бусад орнуудын туршлагаас хуваалцах аж. Түүнчлэн Дархан-Уул аймгийн өнөөгийн аялал, жуулчлалын бодит байдлын талаар ч хэлэлцэх ажээ.


Өнөөдрийн эхний илтгэлийг аймгийн БОАЖГ-ын дарга Г.Батбаяр тавилаа. Түүний илтгэлээс онцолбол, залуусын хот учраас энтертайнмент хот чиглэлээр хөгжих боломжтой. Эрүүл агаар, цэвэр цэмцгэр гудамж талбай, усан оргилуур бүхий цэцэрлэгт хүрээлэн, хүүхдийн парк, болон хотын доторх цогцолборт газрууд олон бий. Түүнийг үзэж сонирхохоор дотоод, гадаадын жуулчдын урсгал нэмэгдэж байгаа. Мөн олон улсын автозам, төмөр зам дамжин өнгөрдөг тул нийт жуулчдын 50 орчим хувь нь хотын болон байгалийн аялал хийдэг ажээ. Үлдсэн хувь нь дамжин өнгөрдөг гэж судалгаанд бүртгэгджээ. 21 аймгаас газар нутгийн хэмжээ бага, түүхийн дурсгалт газар цөөн учир байгалийн аялал жуулчлал сайн хөгжөөгүй.


Сүүлийн жилүүдэд БОАЖГ-аас санаачлан явган аяллууд зохион байгуулж, уламжлалт тэмцээн, уралдааныг улс, бүс, олон улсын чанартай болгохоор ажиллаж байна. Тухайлбал уулын дугуйн “Дархан-88” уралдаан, өвлийн спортыг хөгжүүлэх зорилтын хүрээнд “Дархан цом” мөсний загасчлалын тэмцээнийг олон улсын чанартай болгох зорилт дэвшүүлсэн аж.



Байгалийн аялал жуулчлалыг хөгжүүлэхэд анхаарах, шийдвэрлэх зүйл олон бий гэдгийг тэрбээр онцолж байлаа. Дархан-Уул, Мөөл уул, Буурал, уул, Ноён хонгор, Хатан-Уул, Орхон голын хөвөөн дэх эртний хотын туурь, Зочин хад, Бичигт хад, Дүрс нарс, Харууцтай, Дардай, Шарын цагаан нуур зэрэг байгалийн үзэсгэлэнт болон түүх соёлын дурсгалт газруудтай. Гэвч эдгээр газруудыг түшиглэсэн аялал, жуулчлалын бааз байгуулаагүй.


Өнөөдрийн байдлаар аймгийн хэмжээнд стандартын шаардлага хангасан жуулчны бааз байхгүй ажээ. Социализмын үед барьсан хүүхдийн зуслан, түүнийг түшиглэн байгуулж байсан амралтын газрууд байдаг ч стандартад нийцдэггүй аж. Харин жуулчны бааз байгуулах боломжтой хэд хэдэн байршил байгаа бөгөөд иргэн, ААНБ-уудтай зөвшилцөж чадвал газар олголт хийх боломжтой аж.

Тодруулбал Орхон сумын нутаг дэвсгэр Цагаан нуурын эрэг орчмыг жуулчны бааз чиглэлээр хөгжүүлэх боломжтой. Мөн Дархан Түлээт уул орчимд амралтын газар, өвлийн аялал жуулчлал хөгжүүлэх зорилгоор цанын бааз байгуулах боломжтой бөгөөд хөрөнгө оруулалт хийх шаардлагатай ажээ.


Хотын аялал жуулчлалыг хөгжүүлэхэд Улаанбаатар хотод үйл ажиллагаа явуулж буй зочид буудлын сүлжээг нэвтрүүлэх талаар судалж байна. Аймгийн хэмжээнд гурван одтой гурав, хоёр одтой хоёр, нэг одтой нэг зочид буудлаас гадна энгийн үйлчилгээтэй 10 гаруй байна. Жуулчны нэг бааз, 15 амралт сувилал, 15 зочид буудал хоногт 1095 зочин хүлээн авах хүчин чадалтай аж. Цар тахлын жилүүд болон түүний дараах жуулчдын нэгдсэн тоо хараахан баталгаажаагүй бол 2020 онд 19999 жуулчин ирснээс дотоодын 16410, гадаадын 3589 иргэн Дархан-Уул аймагт аялал, жуулчлалын чиглэлээр иржээ.



Цаашид аялал жуулчлалыг хөгжүүлэхэд стандартад нийцсэн баазтай болох, одоо үйл ажиллагаа явуулж буй амралтын газруудын чанарт анхаарч, үйлчилгээ, орчин нөхцөлийг сайжруулахад анхаарах аж. Мөн хотын аялал, жуулчлал үүн дотор музей, урлагийн галерей, шашны сүм хийд, архитекторын шийдэл бүхий барилга, байгууламж, дурсгалт газрууд, энтертайнмент аялал жуулчлал /үзэсгэлэн, яармаг, хурал зөвлөгөөн, соёлын үйл ажиллагаа, амьтны хүрээлэн, спортын тэмцээн, уралдаан, шоу хөтөлбөр/, өвлийн аялал жуулчлалын хүрээнд мөсөн урлалын фестиваль, мөсний хоккей, цана, тэшүүрийн спортыг аймгийн хэмжээнд хөгжүүлэх боломжтой ажээ.

Холбоотой мэдээ