Барилгын салбарын ойг энэ сарын 14-16-ны өдрүүдэд тэмдэглэнэ

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | СҮХБААТАР
odonchimeg@montsame.mn
2016-09-06 16:03:09

Монгол Улсад Барилгын салбар үүсч хөгжсөний түүхт 90 жил, Сүхбаатар аймагт Барилгын байгууллага байгуулагдсаны 50 жилийн ойг энэ сарын 14-16-нд тэмдэглэн өнгөрүүлэхээр болжээ.

Ойг тэмдэглэн өнгөрүүлэх хүрээнд аймгийн ИТХ-ын тогтоол гарч, аймгийн Засаг даргын захирамжаар ажлын хэсэг байгуулагдан төлөвлөгөө боловсруулан ажиллаж байна. Сүхбаатар аймгийн Газрын харилцаа, барилга, хот байгуулалтын газрын дэргэдэх Барилгын материалын сорил шинжилгээний лабораторын үйл ажиллагааг нээх ёслол, спортын арга хэмжээ, "Сүхбаатар Барилга-50” сэдэвт онол, практикийн бага хурал зэрэг үйл ажиллагааг зохион байгуулахаар төлөвлөөд байна.

Сүхбаатар аймгийн хувьд БНМАУ-ын 1965 оны 409 тогтоолоор 1966 оны нэгдүгээр сараас Барилга угсралтын контор байгуулагдсан тэр үеэс барилгын байгууллагын түүхэн замнал эхэлсэн байдаг. Тэр түүхэн цаг мөчөөс өнөөдрийг хүртэл аймаг, орон нутгийн бүтээн байгуулалт, хөгжил цэцэглэлтийн ажилд манлайлан оролцож ирсэн ч цаашид барилгын хөгжлийг хангах, салбарын хууль, эрх зүйн, аюулгүй ажиллагааны стандарт, дүрэм журмыг илүү боловсронгуй болгох, боловсон хүчин бэлтгэх, техник, технологийг шинэчлэх, дэд бүтцийг сайжруулах, тодорхой хөгжлийн бодлоготой болох зэрэг шийдвэрлэх олон асуудал салбарын өмнө зүй ёсоор тавигдаж байгаа юм.

Т.Одончимэг

 

Холбоотой мэдээ