“James Webb” дуран авай нэгдэн нийлж буй хоёр галактикийн зургийг буулгажээ

ДЭЛХИЙН МЭДЭЭ | ШИНЖЛЭХ УХААН
Jargal.d@montsame.mn
2023-04-20 12:38:33

НЬЮ-ЙОРК. /Fox News/. Огторгуйг тандан судлах шинэ үеийн “James Webb” дуран авай мушгиа хэлбэртэй хоёр галактикийн мөргөлдөөний зургийг буулгасан талаар АНУ-ын Агаарын нислэг, сансрын уудмыг шинжлэн судлах үндэсний төв (NASA) мэдээлжээ. 


NASA-гийн мэдээлснээр, “Arp 220” нэртэй, нэгдэн нийлж байгаа уг биет нь Зүүн далай (Serpens) одны ордонд, дэлхийгээс 250 сая гэрлийн жилийн алсад оршиж байгаа аж. Судлаачид “James Webb” дурангийн ойрын хэт улаан туяаны камер (NIRCam) болон дундын хэт улаан туяаны төхөөрөмжийг (MIRI) ашиглан “Arp 220”-ийг ажигласан байна.


Мушгиа хэлбэртэй хоёр галактикийн мөргөлдөөн 700 сая орчим жилийн өмнө эхэлж, олон од үүсгэсэн асар хүчтэй дэлбэрэлтийг өдөөжээ. Галактикуудын энэ мөргөлдөөн нь нэг их наяд гаруй нарнаас ялгарч буй гэрэлтэй тэнцэхүйц хэмжээний хэт улаан туяа сацруулдаг байна. Харин манай Сүүн зам галактик нь арван тэрбум орчим нарны гэрэлтэй тэнцэхүйц гэрэл сацруулдаг аж. Сансар судлаачдын үзэж байгаагаар, “Arp 220” нь дэлхийд хамгийн ойр орших асар тод хэт улаан туяа сацруулагч галактик гэнэ. Уг биет нь одон орон судлаач Халтон Арпын эмхэтгэсэн өвөрмөц галактикуудын каталогийн 220 дахь биет ажээ.


“James Webb” сансрын дуран авайг 2021 оны 12 дугаар сард Францын Гвиан муж дахь Куру сансрын буудлаас “Ariane 5” зөөгч пуужингаар хөөргөсөн билээ. Энэхүү дуран нь АНУ-ын сансар судлалын NASA агентлаг, Европын сансрын агентлаг (ЕКА) болон Канадын сансрын агентлагийн (CSA) хамтарсан төсөл юм. 


"James Webb”-д 6.5 м-ийн голчтой толь суурилуулсан ба уг толь 18 сегментээс бүрдэнэ. Сегмент тус бүр нь тэнцүү талт зургаан өнцөгт хэлбэртэй, 40 кг жинтэй ажээ. Сансрын энэхүү дуранг ашиглан эрдэмтэд Их тэсрэлтийн дараа үүссэн Орчлонт ертөнцийн хамгийн эртний одод, галактикуудыг судлахаас гадна, амьдрал оршиж байх боломжтой гаргуудыг хайж байна. 

Холбоотой мэдээ