БАЯНХОНГОР: Жендэрийн сургагч багш нарыг бэлтгэж байна

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | БАЯНХОНГОР
munkhzul@montsame.mn
2023-04-20 16:02:54

Баянхонгор /МОНЦАМЭ/. Жендэрийн үндэсний хороо, Баянхонгор аймгийн ИТХ, ЗДТГ-аас хамтран "Жендэрийн сургагч багш бэлтгэх бүсийн сургалт"-ыг Баянхонгор аймагт энэ сарын 19-20-ны өдрүүдэд зохион байгуулж байна.


Сургалтад Өмнөговь, Өвөрхангай, Архангай, Баянхонгор аймгийн төрийн байгууллагын 20 албан хаагч /1 эрэгтэй, 19 эмэгтэй/ хамрагдаж байгаа аж.


Жендэрийн үндэсний хорооноос томилолтоор ажиллаж байгаа ажлын алба Баянхонгор аймгийн жендэрийн салбар хорооны гишүүд, ИТХ-ын удирдлага болоод төлөөлөгчид, аймгийн ЗДТГ-ын удирдлагууд, төрийн албан хаагчидтай уулзалт зохион байгуулж, орон нутгийн дэд хөтөлбөрийн хэрэгжилтийн талаар санал солилцжээ. Түүнчлэн аж ахуйн нэгж байгууллагуудын хүний нөөцийн асуудал хариуцсан мэргэжилтнүүдэд Жендэрийн мэдрэмжтэй ажлын байр сэдвээр сургалт зохион байгуулж байна.


Баянхонгор аймгийн Жендэрийн салбар хороо нь нийт 25 хүний бүрэлдэхүүнтэй бөгөөд 20 суманд дэд салбар хороотой. Аймгийн хэмжээнд нийт 5400 гаруй төрийн албан хаагч байдгийн 73 хувь нь эмэгтэйчүүд байдаг байна. Харин удирдах түвшний ажилтны хүйсийн харьцаа 50, 50 хувьтай байгаа нь онцлог юм.


Мөн “Жаргалтай амьдрал төв”-ийн үйл ажиллагаа, спортын үйл ажиллагаа, дугуйн аялал зэрэг эрэгтэйчүүдийн эрүүл мэндийг хамгаалах, тэдэнд тулгардаг асуудлыг шийдвэрлэх ажлаараа Баянхонгор аймгийн салбар хороо үнэлгээ өндөр байгааг Үндэсний хорооны ажлын багаас сайшаалаа.


Аймгийн салбар хорооноос Нэгдсэн эмнэлэгт Эрэгтэйчүүдийн кабинет байгуулахаар төлөвлөж байгаа бөгөөд урологи, андрологийн төрөлжсөн мэргэжлийн тусламж үйлчилгээ үзүүлэх эмчийг сургаж, энэ оны 10 дугаар сараас үйл ажиллагаа эхлэх бэлтгэл ажлыг хангаж байгаа аж.


Монгол Улсын Засгийн газар, Жендэрийн үндэсний хороо нь жендэрийн эрх тэгш байдлыг хангахад шаардлагатай үндэсний чадавхыг төрийн байгууллагын болон нийгмийн хүрээнд бэхжүүлэхэд чиглэсэн бодлого, хөтөлбөр, төсөл арга хэмжээг боловсруулах, хэрэгжүүлэх, хяналт тавих чиг үүрэгтэй байдаг. Иймд Жендэрийн үндэсний хорооноос 2020 оноос эхлэн Жендэрийн анхан шатны сургагч багшийг сургаж байгаа бөгөөд энэ жилийн сургалт өнгөрсөн долоо хоногт Дархан-Уул аймгаас эхэлсэн байна.

Энэ онд Жендэрийн үндэсний хорооны зүгээс 21 аймгийг дөрвөн бүсэд хуваан Дархан-Уул, Баянхонгор, Дорнод, Увс аймагт Жендэрийн анхан шатны сургагч багшийн бүсийн сургалтыг зохион байгуулж, орон нутгийн хэмжээнд 105 сургагч багшийг сургахаар зорьж байгаа аж.

Холбоотой мэдээ