Аялал жуулчлалын салбарт Манжуур хоттой хамтран ажиллана

МОНГОЛЫН МЭДЭЭ | НИЙГЭМ
oyundelger@montsame.gov.mn
2023-04-21 14:20:44

Улаанбаатар /МОНЦАМЭ/. Нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын Захирагч Д.Сумъяабазар БНХАУ-ын ӨМӨЗО-ны Манжуур хотын дарга Юүе Гуодуныг хүлээн авч уулзаж, хамтын ажиллагаагаа өргөжүүлэх талаар ярилцлаа.


Улаанбаатар хотын хөгжлийн бүтээн байгуулалтад гадаад, дотоодын хөрөнгө оруулагчдыг татах, төр, хувийн хэвшлийн түншлэлийг өргөжүүлэхээр зохион байгуулсан “Улаанбаатар-Олон улсын хөрөнгө оруулалт, түншлэлийн форум”-д оролцсонд нь Манжуур хотын төлөөлөгчдөд Нийслэлийн Засаг дарга Д.Сумъяабазар талархал илэрхийлэв. Тэрбээр “БНХАУ-ын Манжуур хотод Монгол Улсын Консулын газрыг өнгөрсөн онд албан ёсоор нээснээр Улаанбаатар-Манжуур чиглэлийн шууд нислэг, мөн Монгол, Хятадын хилийн боомтуудаар харилцан зорчих иргэдийн тоо нэмэгдэж байна. Иргэд, жуулчдын урсгалыг дагасан эдийн засгийн өгөөж ч өсөн нэмэгдэнэ гэдэгт итгэлтэй байгаа. Нийслэлээс БНХАУ-ын хотуудтай олон талт, харилцан ашигтай хамтын ажиллагааг өргөжүүлэхэд ач холбогдол өгч байна. Цаашид олон салбарт хамтран ажиллаж, найрсаг харилцаагаа бэхжүүлэн хоёр хотын өмнө шинэ боломж нээхдээ баяртай байх болно” гэлээ.


ӨМӨЗО-ны Манжуур хотын дарга Юүе Гуодун уулзалтын үеэр, “Монгол, Хятад хоёр орон мөнхийн хөрш, сайн түншүүд юм. Хоёр орны ард түмний найрамдал өнө эртний уламжлалтай. Өдгөө хоёр орны харилцаа Иж бүрэн стратегийн түншлэлийн түвшинд хүрч, бүх салбарт эрчимжиж байна. Улаанбаатар, Манжуур хот ч олон жилийн хамтын ажиллагаатай, цаашид үүнийгээ хадгалахын зэрэгцээ тодорхой салбарын хамтын ажиллагааг эрчимжүүлэх саналтай байна. Тухайлбал, төр, захиргааны хамтын ажиллагааг эрчимжүүлэх, эдийн засаг, хөрөнгө оруулалт, бизнесийн шинэ гарцыг нээх, аялал жуулчлалын салбарт нягт хамтран ажиллаж, хил дамнасан аялал жуулчлалын брэнд чиглэл бий болгох, хүмүүнлэгийн салбарын хамтын ажиллагаагаа тэлэхийг зорьж байна хэмээн ярив.


Түүнчлэн, хот тохижилт, ногоон байгууламжийн чиглэлээр туршлага солилцох, Улаанбаатарт хэрэгжүүлэх томоохон хөгжлийн төслүүдэд БНХАУ-ын төр, хувийн хэвшлийн томоохон аж ахуйн нэгжүүдийг оролцуулахад бэлэн гэдгээ Улаанбаатар хотын Захирагч Д.Сумъяабазар илэрхийлээд, ирэх наймдугаар сард Улаанбаатарт болох Зүүн Азийн залуучуудын наадамд Манжуур хотын удирдлагыг урьжээ. 

Холбоотой мэдээ