БНСУ Япон улсыг худалдааны “цагаан жагсаалт”-даа буцаан оруулжээ

ДЭЛХИЙН МЭДЭЭ | ЭДИЙН ЗАСАГ
khulan@montsame.gov.mn
2023-04-24 11:38:20

СӨҮЛ. /Yonhap/. БНСУ Япон улсыг худалдааны найдвартай түншүүдийн “цагаан жагсаалт”-даа өнөөдөр буцаан оруулсан талаар Сөүлийн Худалдаа, аж үйлдвэр, эрчим хүчний яам мэдээллээ.


Японыг уг жагсаалтаас хассанаас хойш гурван жилийн дараа гаргаж буй энэ шийдвэр нь хоёр талын эдийн засгийн болон дипломат харилцааг сайжруулах зорилготой байна. Ингэснээр хөнгөлөлттэй нөхцлөөр худалдаа хийх орнуудын тоо 29 болж байна. “Цагаан жагсаалт”-д АНУ, Франц, Их Британи тэргүүтэй орнууд багтдаг.


БНСУ-ын шүүх дайны үеэр албадан хөдөлмөр эрхлүүлсний нөхөн төлбөрийг олгохыг Японы компаниудаас шаардсаны дараа Япон БНСУ-ыг холбогдох жагсаалтаасаа хасаж, улмаар Сөүлийн засаг захиргаа ижил шийдвэрийг гаргаад байсан юм. Харин өнгөрсөн сард БНСУ нөхөн төлбөртэй холбоотой асуудлыг шийдвэрлэх саналаа танилцуулсны дараа хоёр тал дээрх шийдвэрээ эргэн харахаар болжээ.


Одоогоор Япон улс БНСУ-ыг худалдааны цагаан жагсаалтдаа хэзээ буцаан оруулах талаараа дэлгэрэнгүй мэдээлэл өгөөгүй байна. Өнгөрсөн сард Япон улс БНСУ руу хийх гурван материалын экспортод тавьсан хязгаарлалтаа цуцалсан юм. Хагас дамжуулагч, дэлгэцийн үйлдвэрлэлд ихээхэн ач холбогдолтой эдгээр материалын экспортод 2019 оноос хязгаарлалт тавиад байсан билээ. 

Холбоотой мэдээ