Кил Кангмүг: Морин хуур хөгжим соёл урлагийг харах мэлмийг минь нээж өгсөн
МОНГОЛЫН МЭДЭЭ | СОЁЛ УРЛАГУлаанбаатар /МОНЦАМЭ/. Монгол орон, монголчуудын тухай бичсэн “22 дахь аймгаас ирсэн захидал” хэмээх номын зохиогч Кил Кангмүгтэй ярилцлаа. Монголд амьдарсан гурван жилийн хугацаандаа монголчуудын уламжлалт, өвөрмөц ахуй, соёлын талаар таньж ажигласнаа баримт түшин өгүүлсэн энэхүү номоо тэрбээр Монголд аялахыг хүссэн солонгосчууд төдийгүй гадаадынханд ч зориулжээ. Тиймээс Монголд саяхан нээлтийг нь хийсэн энэ номоо солонгос, англи хэлээр мөн хэвлүүлэх аж.
-Та номоо “22 дахь аймгаас бичсэн захидал” гэж тун содон нэрлэжээ. Номынхоо нэрийг хэрхэн олж авсан бэ?
-Нэг удаа “Блю скай”-н
цахилгаан шатаар явж байтал нэг эмэгтэй найз нартаа “Солонгос ч болтугай нэг
явчихаад ирдэг юм уу” гэж ярихыг сонсов. “Солонгос ч болтугай” гэх үг
сонирхолтой сонсогдсон л доо. Монголчууд ерөөс “Түр Солонгос явчихаад ирнэ”,
“Солонгост хэсэг амраад ирье” гэх мэтээр Солонгосыг “гадны улс” гэхээс илүүтэй,
Монголын нэг аймаг гэлтэй тийм “өөриймсүү” ярьж хөөрөлдөцгөөдөг шүү дээ. Солонгос
улс бол монголчуудын хувьд, газар зүйн төдийгүй сэтгэл зүйн үүднээс үнэхээр ойр
төсөр байдаг нь надад олон талаас мэдрэгддэг байсан.
-Монгол оронд өөриймсөг ханддаг сэтгэлээ ч та энэ нэрд
шингээсэн биш гэж үү?
-Өнгөрсөн оны 12-р сард надад ийм нэг явдал тохиолдсон. Би Солонгос улсад суугаа Монгол Улсын Элчин сайдын яамны консул Б.Тэнүүний гэр бүл, хэсэг зочидтой ярилцаж суулаа. Бүгд л төрсөн нутгаа дурсан ярьж байтал Б.Тэнүүн надаас “Та аль нутгийнх вэ” гэж асуусан. Би “UB” гэж хариултал, тэр намайг тэгж хариулна гэж бодоогүй бололтой ухасхийн босож, нөхрийнхөө дэргэд шууд л намайг тэврээд авсан. Нутаг гэдэг бол ямар нэг газар орон гэхээс илүү, тэндэх хүмүүсийг хэлдэг болов уу гэж би ойлгодог. Хүн нутаг руугаа явмаар байна гэвэл зөвхөн тэр газарт очих биш, тэнд байгаа танилууд, найз нөхөд, хамаатан садантайгаа уулзах гэснийх болов уу. Монголд гурван жил амьдрахдаа би маш олон найз нөхөд, ах дүүстэй болсон.
Би бас өөрөө ч гайхам хурдан “UB” гэж хариулчихсан болохоор, яагаад Улаанбаатар нутаг минь юм шиг санагдах болов гэж эргэцүүлж үзсэн л дээ. Монголд байхдаа би 500 мянга гаруй монгол хүнтэй уулзжээ.
-Та 50 000 гэж хэлэх гэсэн үү?
-Ийм олон хүнтэй яаж уулзсан байх вэ гэж гайхах тань зөв л дөө. Би ажиллах хугацаандаа 500 мянган хүний виз мэдүүлсэн бичиг баримттай танилцсан. Овоорсон бичиг баримт дундаас тухайн хүний амьдралын түүх, гуниг зовлон, баяр хөөрийг мэдэрч, зарим үед бүр илүү гүн рүү нь нэвтрэх хэрэгцээ ч гардаг байсан. Төрөлт нас баралт, гэрлэлт, гэр бүл цуцлалт, өвчин зовлон, эмчилгээ, амжилт, алдаа, гадаадад сурах болон гэр бүлтэйгээ зорчих гээд БНСУ-ын виз мэдүүлж буй монгол иргэдийн амьдрал тэр чигээрээ нүдний минь өмнө байв.
УИХ-ын гишүүн Н.Учралын санаачилсан “Учралын баяр” гэдэг
нэвтрүүлэг бий. Солонгост ажиллаж
амьдарч байгаа ээж аавтай нь Монголд байгаа үр хүүхдүүдийг нь уулзуулдаг
нэвтрүүлэг шүү дээ. Нэг хүүхэд виз мэдүүлэхдээ, “Консул ах аа, би Солонгост
байгаа ээж аавтайгаа уулзмаар байна” гэж захидал бичсэн байсан. Ингээд
бодоход солонгос хүн ч бай, монгол хүн ч бай дотоод сэтгэл нь их адилхан юм даа
гэсэн сэтгэгдэл олон удаа төрж байсан. Тэр олон хүний түүхийг уншиж, тэдэнтэй
уулзсанаар нэг л мэдэхэд Монгол орон нутаг шиг минь, монголчууд нутгийнхан
минь юм санагдах болсон ч байж мэдэх юм даа.
-Та номоо “Халуун элгэн нутаг” гэдэг дуугаар эхэлсэн нь ийм учиртай
аж. Үнэхээр нутгаа санах гэдэг нь тэнд буй эрхэм хүмүүст татагдсан сэтгэлийн
дуудлага гэдэг нэг талаар үнэн л дээ. Та тэр олон хүний түүхийг уншихдаа монгол,
солонгос хүний бахархлын адил төстэй шинжийг хэрхэн харсан бэ?
-Аль ч улсын иргэн эх орноороо бахархдаг байх. Гэхдээ монгол хүний хувьд онцгой юм болов уу гэж санагддаг. Ялангуяа Чингис хаан 13 дугаар зуунд дэлхийг элбэн тохинуулсан түүхээр бахархдаг нь ил байдаг л даа. Тэр түүхээрээ монголчууд нэгдэж, эх орноо, эх түүхээ хайрладаг нь анзаарагддаг.
Бас солонгос, монгол хүмүүст нэг төстэй шинж байна. Хоёр улсын ард түмний бахархал нь төв талбай дээрээс нь харагддаг. Улаанбаатар хотын төв талбайд Чингис хааны болон Д.Сүхбаатар жанжны хөшөө байдаг. Би эндээс монгол хүний зүрх сэтгэлд онцгой байр суурь эзэлдэг, хамгийн том бахархал нь юм байна гэж ойлгодог.
Тэгвэл Солонгосын хувьд төв талбайд нь бас хоёр хүний хөшөө байдаг. Нэг нь Д.Сүхбаатар жанжинтай адил улсынхаа тусгаар тогтнолын төлөө тэмцсэн И Сүн Шин баатар, нөгөөх нь солонгос бичиг үсгийг зохиосон алдарт Сэжун хааны хөшөө юм. Солонгос, Монгол хоёр улс хоёулаа Засгийн газрын ордныхоо хажууд хоёр бахархалт их хүмүүнийхээ хөшөөг залсан байдаг нь тун сонин шүү.
-Монгол хүн хамгийн их
хүндэтгэдэг хүндээ нутгийнх нь зургийг зурж бэлэглэх дуртайг та анзаарсан
байсан. Харин таны хувьд, Монголоос авсан хамгийн сайхан бэлэг юу вэ, хэлж
болох уу?
-Бэлэг гэхээр, би хүний нүдэнд харагддаггүй зүйлийг хэлмээр байна. Тиймээс таны асуултад нөхөрлөл, монголчуудын халуун дулаан сэтгэл гэж хариулна. Би гурван жил Монголд амьдрахдаа үүнийг ханатал мэдэрсэн.
Монгол хүн найрсаг зочломтгой зангаараа ямар ч хүний аян замын алжаалыг хамгийн сайхан аялал болгон хувиргах нь гайхалтай байдаг л даа. Нэг зун би говь руу явсан. Халууцаж, бас өлсөж, ундаасаж явав. Тэгтэл азаар нэг айл тааралдав. Бид гэрийн хаалгыг тогшиж ороод, “Энд хооллож болох уу” гэж асуутал, “Та нар тухтай сууж байгаад хооллож ундал” гээд хүүхдүүдээ дагуулан гэрээсээ гарцгаасан. Явуулын бидэнд гэрээ үлдээгээд, уриалгахан гарч явах энэ халуун дулаан сэтгэл нь эртний зан заншил, уламжлалаас нь угшилтай соёл байх. Ийм сэтгэлийг би монгол найз нар, ажлын хамт олон, ГХЯ зэрэг хамтран ажилладаг байгууллагуудаасаа ч таньсан болохоор хамгийн том бэлэг маань энэ гэж хэлэх хамгийн сайхан байна.
-Баярлалаа, сайхан хариулт байна. Би уг нь таныг “морин хуур” гэж хариулах байх гэж бодсон юм. Морин хуураар тоглосон
аялгуунуудаараа та “Говийн салхи” гэдэг хуурцаг гаргасан байна билээ. Мэргэжлийн хуурчидтай
тоглох хэмжээнд, сайн сурахад тань чухам юу нөлөөлөв?
-Би 2006 онд анх Монголд ирсэн. Дараа нь 2017 онд дипломат ажилтнаар томилогдож ирсэн. Онгоцонд суугаад ирж явахдаа, “За гурван жил юу хийх вэ? Ямар ч байсан ганц зүйл ч болов заавал хийж сурах хэрэгтэй” гэж бодож байв.
Монголд ирснийхээ дараа морин хуурын тоглолт үзлээ. Морин хуурын уран татлага, уянгалаг сайхан аялгуу сэтгэлийн гүн рүү минь нэвтрэн дотоод сэтгэлийг минь хөөргөн хөглөж, учиргүй их догдолсон. Тэгээд морин хуур тоглож сурвал их сайхан юм байна гэж бодогдож байсан л даа. Тэгтэл нэг танил маань надад морин хуур бэлэглэв. Тэр морин хуураа гэртээ оролдож үзсэн ч, огт дуугаргаж чадаагүй. Тэгэхээр нь эвдэрсэн байх гэж бодоод Д.Сүхбаатарын талбайн хажуугийн хөгжмийн засварын газарт очив. Засварын хүн намайг гайхаж хараад, “Наадах чинь сувенир байна шүү дээ” гэсэн.
-Жинхэнэ хөгжимтэй андуурам адилхан байж, тийм үү?
-Маш их ичсэн. Орчуулагч, бид хоёр аль аль нь сувенир байсныг нь мэдээгүй болохоор бөөн инээдэм болоод л өнгөрөв. Тэр жил 5 монгол найзтайгаа шинэ жил тэмдэглэлээ. Тэр дунд одоогийн УИХ-ын гишүүн Б.Жаргалмаа байсан. Найз нар маань миний хөглөснийг сонссон байж. Тэгээд анхлан суралцагчдад зориулсан морин хуур бэлэглэлээ. Сэтгэл хөдөлсөндөө заавал нэг ая тоглож сураад, үзүүлнэ гээд тэдэнд амлачихав. Ажил их болохоор өглөө бүрийн 6.00 - 8.00 цагт морин хуурын хичээлээ нэг ч таслалгүй давтдаг байсан л даа.
-Солонгост үй зайгүй үерхдэг найз нарыг “30 жилийн
анд” гэж ярьдаг гэсэн. Харин та гурван жилд яаж ийм олон монгол найзтай болов?
-Би нэг сонин түүх ярья. 2019 онд УИХ-ын нэг гишүүн ЭСЯ дээр ирээд зөвлөлдөх асуудал гарсан тул консултай чинь уулзах гэсэн юм гэжээ. Би завгүй байсан ч хариуцлагатай алба хашдаг хүн тул зайлшгүй чухал ажил гарсан байх гэж бодоод цаг гаргаж түүнтэй уулзлаа. Тэр хүн УИХ-ын гишүүн Б.Наранхүү байв. Тэрээр төрөлхийн сонсголын бэрхшээлтэй 5 настай хүүгийн онош, бусад бичиг баримтыг авчирсан байв. Монголын эмч нар хүүг мэс засал хийлгэж чадахгүй 5 нас хүрвэл эдгэх боломжгүй гэж хэлжээ. “Эмчлэгдэж л байвал зардал нь хэд гарсан ч төлөх болно. Энэ хүүд тусалмаар байна” гэлээ. Ерөөс Б.Наранхүү гишүүн хөшигний араас олон хүнд тусалдгийг тэр анхны уулзалтын дараа би олж мэдсэн. Тухайн үед би өөрөөсөө олон зүйл асууж байсан ч чадах хэмжээндээ туслахаар шийдэв. Ингээд монгол, солонгос нөхөдтэйгөө хамтран зүтгэсний хүчээр нөгөө хүү маань “Ёнсей” их сургуулийн эмнэлэгт хагалгаанд орсон юм. Би амралтаа аваад нутагтаа байсан үе болохоор бялуу бариад хүүгийн эмнэлэгт очлоо. Тэр өдөр нь хүү төрснөөсөө хойш ээжийнхээ хоолойг анх сонсох маш чухал өдөр байлаа.
-Орчуулагчийн маань хоолой зангирч байгаа шиг сэтгэл
хөдөлгөм мөч, монгол, солонгос хүмүүс нэгэн бяцхан зүрхэнд гайхамшгийг бүтээж
чадах эсэхээ харах өдөр байсан, тийм үү?
-Үнэхээр үгээр өгүүлшгүй сайхан, сэтгэл хөдлөл туйлдаа хүрсэн өдөр болсон л доо. Тэр хүүг Билэг гэдэг. Ээжийнхээ бүүвэйн дууг ч сонсож үзээгүй тэр бяцхан хүү сонсголтой болсон. Би түүнийг солонгос, монгол хүмүүсийн хайрыг хүлээж авсан хүүхэд гэж хэлэх дуртай. Солонгосын “Ёнсей” их сургуулийн “Северанс” эмнэлэг эмчилгээний зардлыг бүрэн дааж мэс заслыг хийж өгсөн нь ч бас учиртай.
Зайсанд И Тэ Жүн парк гэж бий дээ. Тэр хүн “Северанс” эмнэлгийн
эмч байсан хүн. Тусгаар тогтнох үйлсэд оролцож байсныг нь япончууд мэдсэн тул И
Тэ Жүн гуай Монгол руу зугтжээ. Тэгээд 8
дугаар Богдын эмчээр ажиллаж байсан юм билээ. Бас монгол иргэдийг ч эмчилж олны
дунд нэр хүндтэй байсан гэдэг. Тийм учраас монголчуудын хамгаалсан И Тэ Жүн
эмчийн түүх, Билиг хүүгийн түүх бол хоёр
улсын ард түмний харилцаанд ерөөлтэй үйл явдал болсон гэж би бахархдаг.
Хүнд хэцүү үед Монголын ард түмэн И Тэ Жүн эмчид халуун сэтгэлийн гараа сунгасантай адил, түүний ажиллаж байсан солонгос эмнэлгийн эмч нар мөн халуун сэтгэлээр хүүд хандсан. Өнөөгийн бид бүхэн ийнхүү хоёр улсын түүхийг шинээр бичилцэж явна гэж бодогддог.
-Таны дотночлон үерхсэн найз нар урлагийнхнаас гадна, олон сайхан ажлын ард гарч анх танилцсан, төрөл бүрийн
салбарынхан гэдгийг та жишээлэн илэрхийлж байх шиг байна. Ер нь та өөр хөгжим тоглодог уу, морин хуур
сурах хэцүү байв уу?
-Миний амьдралдаа хамгийн анх тоглож сурсан хөгжим бол морин хуур. Хамгийн сүүлд тоглож сурсан хөгжим ч бас морин хуур байх болно. Морин хуур миний өдөр тутмын амьдралд баяр баясал, сэтгэлийн амар амгаланг авчраад зогсохгүй Монголын соёл урлагийн талаарх мэлмийг минь нээж өгсөн.
Мэдээж сурахад хэцүү байсан. Бэрхшээлтэй зүйл ч байсан.
Гэхдээ би өөрийн дуртай юмаа хийж байсан болохоор бэлтгэлээ нэг ч өдөр таслаагүй.
Би морин хуур тоглож сурахыг хүсэж буй гадаад хүмүүс, бас монголчуудад нэг зүйл
захиж хэлье. Миний морин хуурын багш бол
Солонгост сургууль төгссөн Н.Загдсүрэн гэдэг залуу бий. Тоглох техник гэхээсээ
илүү хуурдаж буй дууныхаа цаад учир утга, хэрхэн бүтсэн түүхийг ойлгож мэдэх нь
чухал юм билээ.
-Хамгийн анх ямар дууг хуурдаж сурсан бэ?
-Анх “Халуун элгэн нутаг” дууг анх сурсан.
-Монгол Улсын хоёр дахь төрийн дуулал гэж дээдлэгддэг, сүр
жавхлант энэ сайхан дууг та солонгос хэлээр орчуулсан байна билээ...
-Тийм ээ, эх хэл дээрх баялаг бадрангуй утгыг гаргаж чадахгүй байх вий гэж ихэд эмээж байсан. Тиймээс тун хичээнгүйлэн орчуулсан. Дараа дараагийн хүмүүс солонгос хэл болон бусад хэлээр илүү төгс хөрвүүлэх биз ээ.
Морин хуурын багш маань энэ дууг зохиосон түүхийг тайлбарлаж өгсөн л дөө. Ж.Бадраа агсан дууны үгийг давхар давхар утга санаатай бичихдээ гарамгай хүн байжээ. “Цэнгэлийн хавар айлчлахад” гэдэг үг нь Солонгосын яруу найрагч И Сан Хуагийн бичсэн “Булаагдсан нутагт хавар дахин ирэх үү” шүлэг дэх “хавар”-тай ижил утгаар бичигдсэн юм билээ. Ингэж сурч байгаа дууныхаа түүхээр сэтгэл зүрхээ хөглөж морин хуурыг сурах нь илүү үр дүнтэй санагдсан.
Ерөөс дуу, хөгжмийг таашаах соёл монгол хүний өдөр тутмын амьдралд нэвт шингэсэн байдгийг би олон талаас мэдэрсэн. Би хаа ч явсан морин хуураа авч явдаг байсан л даа. Хөдөөгийн цэвэр агаарт морин хуур тоглох сайхан байдаг. Монголчууд хөгжим тоглож байгаа хүнийг танихгүй хүн байсан ч нэг л мэдэхэд эргэн тойрноос бүчиж, хэн нэгэн урьдчилан ярьж тохирон удирдсан мэт хамтаар дуулж, бүжиглэж, сэтгэлээ хуваалцдаг маш өвөрмөц чанартай.
-Та одоо ямар ажил
хийж байна вэ, өөрийнхөө тухай танилцуулна уу?
-Би “Кёнхи” их сургуулийг төгссөн. МОНЦАМЭ агентлагийн дарга, хатагтай Э.Содонтогос бид хоёр нэг сургуулийн төгсөгч юм билээ. Бидний сурч байсан энэ сургууль Солонгостоо лидерүүдийг хөгжүүлэх зорилготой тусгай хөтөлбөртэй. Суралцагчдаа 100 хувийн тэтгэлэг олгодог, бүх хичээл англи хэлээр, нэг мэргэжил дээр нэг л хүүхэд авдаг, жилд таван хүүхэд л авдаг юм. Лидер болъё гэсэн монгол хүүхдэд энэ сургуулийг санал болгомоор байна. Одоо би Ерөнхийлөгчийн дэргэдэх Үндэсний эв нэгдлийн хорооны улс төр, бүс нутгийн интеграцийн хэлтсийн тэргүүн дэд даргаар ажиллаж байгаа.
-Монгол оронд аялах сонирхолтой солонгос хүн олширч байна.
Тэд Монгол орны юуг үзэхийг илүү хүсдэг вэ?
-Говь нутаг бол Монголын гэх шинжийг хамгийн их агуулсан
дэлхий дээрх ер бусын нууцлаг газар гэж би боддог.
Сүүлийн үед солонгосчуудын аялах улсуудын тэргүүнд Монгол ордог болсон байна.
Түүн дотроо говиор аялах дуртай хүн олширсон байна билээ. Тиймээс Солонгосын аялал жуулчлалын компаниуд нэгэн шинэ аялал зарлах болсон нь их тренд болж байгаа юм байна. Энэ нь аав, хүү хоёрын харилцааг дотно болгодог хөтөлбөр гэнэ.
Энэ хөтөлбөр нь Монголын говиор аялуулдаг болохоор замын уртад бага зэрэг аяншиж зутрах, бас сонин сайхныг харж баясах зэргээр адал явдлын дунд аав, хүү хоёрын харилцаа сайжирдаг гэж ярьцгаадаг болсон байна билээ.
-Говийн маань тухай сонин сурталчилгаа байна. Та цар тахлын үед хүмүүст урам зориг өгөх гэж
Монголд морин хуурын тоглолт зохион байгуулж байсан. Харин Солонгосын онгоцны
буудалд зохион байгуулсан тоглолтынхоо тухай сонирхуулж болох уу?
-2020 онд Монгол дахь томилолтын хугацаа дуусаад нутаг буцсан. Солонгостоо очоод Инчоны нисэх онгоцны буудлын Гадаадын иргэн харьяатын газрын даргаар ажиллах болсон. Тухайн үед “Ковид 19” цар тахал гарч, зорчих хөдөлгөөн бага байсан учир солонгосчуудад Монголын тухай мэдээллийг яаж өгөх вэ гэж бодсон. Тэгээд Монголд байсан Тэмүүжин багштай холбогдож, хамтарч тоглолт хийх тухай ярилцсан. Морин хуур тоглож байгаагаа бичээд, ютүүбээр цацаж өгөхийг хүсэв. Тухайн оныхоо шинэ жилийн баяраар Тэмүүжиний тоглолтыг бичлэгээр үзүүлж, давхар би тоглож бүх ажилчдадаа үзүүлсэн.
Энэ тоглолтыг үзсэн хүмүүс Монголын талаар тодорхой хэмжээнд ойлголттой болж, монгол үндэстний сайхан хөгжимтэй танилцах нэг алхмыг хийсэн болов уу. Хамт ажиллагсад маань төрийн албан хаагчаар ажиллаж байхдаа ийм үйл явдлыг анх удаа харсан, гайхалтай тоглолт болсон гэж одоог хүртэл ярьдаг. Энэ бол морин хуурын гайхамшиг л даа.