ХӨВСГӨЛ: Тариаланчид орон нутагтаа гурил, төмсийг 100 хувь, хүнсний ногоог 50 хувь хангах зорилт дэвшүүлжээ

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | ХӨВСГӨЛ
gantuyaB@montsame.mn
2023-04-25 13:09:57

Мөрөн /МОНЦАМЭ/. Хөвсгөл аймгийн  тариаланчид  газар, тариалангийн бэлтгэлийг бүрэн хангасан бөгөөд цаг агаарын нөхцөл байдлыг харгалзан ирэх долоо хоногоос тариалалтаа  хийхээр төлөвлөж байна.

Тус аймгийн Тариалан, Эрдэнэбулган, Рашаант,  Их-Уул суманд үр тариаг 70 гаруй аж ахуйн нэгжийн 400 гаруй иргэн,  хүнсний ногоог 600 иргэн нийт 1000 орчим хүн энэ жилийн тариалалтыг хийнэ.

Энэ жил тариаланчид орон нутгийнхаа үр тариа, төмсийг 100 хувь, хүнсний ногоог 50 хувь хангах зорилт дэвшүүлэн ажиллаж байна.



Тариаланчид өнгөрсөн намар 13371 га-гаас 14355 тонн үр тариа, үүнээс 12974 га-гаас 13958 тонн улаан буудай, 301 га-гаас 2408 тонн төмс, 203 га-гаас 1624 тонн хүнсний ногоо, 1129 га-гаас 4516 тонн тэжээлийн ургамал, 1239 га-гаас 298 тонн тосны ургамал тус тус хураан авсан байна.

Мөн үер, мөндөр, хяруу зэрэг байгаль цаг уурын нөхцөл байдлаас шалтгаалж хүндрэлтэй асуудал тулгарч ургацын 40 хувийг алдсан байна. Үр тарианы хувьд соёололтоос бутлалтын үед орсон мөндөр, үер бууснаас 750 га талбайг сүйтгэж ургацын чанарт сөргөөр нөлөөлсөн байна. Тодруулбал  2022 оны 8 дугаар сарын 17, 22-ны  өдрүүдэд орсон мөндөр 1450  га талбайг 100 хувь устгаж, 750 га талбайг 25-40 хувь шингэлсэн, мөн 8,9,10 дугаар сарын хур тунадас ургацын болцод сөргөөр нөлөөлж удаашруулсан ажээ.

 

Холбоотой мэдээ