ДОРНОД: Олимпын таеквондогийн Азийн аварга шалгаруулах тэмцээнд улсаа төлөөлж өрсөлдөнө

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | ДОРНОД
167@montsame.mn
2023-04-26 20:19:59

Чойбалсан /МОНЦАМЭ/. Ирэх намар Бүгд Найрамдах Ливан улсын нийслэл Бейрут хотод болох олимпын таеквондогийн Азийн аварга шалгаруулах тэмцээнд Дорнод аймгийн "Хан оргил Соёлз" төвийн пүмзэ шигшээ багийн тамирчин Б.Дарьяа Монгол Улсаа төлөөлөн өрсөлдөх эрхээ авчээ.


Дорнод аймгаас анхны пүмзэ буюу тоот дасгалын төрлөөр ийнхүү тивийн тэмцээнд тамирчин оролцох юм. 

Өнөөдөр болсон Хүүхдийн спортын 7 дугаар наадмын нээлтийн үеэр Б.Дарьяад тивийн тэмцээнд улсаа төлөөлөн оролцох эрхийн бичгийг гардуулсан байна. Түүний хувьд сүүлийн хоёр жилийн хугацаанд олимпын таеквондогийн төрлөөр амжилттай хичээллэж, улс бүсийн чанартай тэмцээнүүдэд өндөр амжилт үзүүлжээ.

Тус аймагт энэ оны эхээр олимпын таеквондогийн тоот дасгалын төрлийн Улсын аварга шалгаруулах "Пүмзэ-2023" тэмцээн амжилттай болсон. 


Ташрамд дуулгахад энэ сарын 28-ныг хүртэл үргэлжлэх Хүүхдийн спортын наадамд Хэрлэн сумын ЕБС-иуд, хөдөөгийн 13 сумын 21 багийн 800 гаруй тамирчин хурд, хүч, авхаалж самбаагаа сорин өрсөлдөж эхэллээ. Хүүхдийн спортын наадам жудо бөх, шатар, ширээний теннис, бадминтон, хөнгөн атлетик, сагсан бөмбөг, бокс, хөлбөмбөг, волейбол зэрэг арван төрлөөр явагдана. 

Холбоотой мэдээ