Г.Эрдэнэбилэг: “Тамгагүй төр” жүжиг мөнх оршоосой гэж хүссэндээ зориглож тоглосон

МОНГОЛЫН МЭДЭЭ | СОЁЛ УРЛАГ
l.tungalag@montsame.gov.mn
2023-04-27 12:03:51

Улаанбаатар /МОНЦАМЭ/.  “Тамгагүй төр” жүжгийн гол дүр болох Арчуг хааны дүрийг бүтээсэн Монгол Улсын гавьяат жүжигчин Г.Эрдэнэбилэгтэй ярилцлаа.


-Та театрынхаа алтан тайзнаа эргэн ирж түүхэн дүр бүтээлээ. Арчуг хааны дүр бол “эзэнтэй”, нэгэнт зөвшөөрөгдөөд олны сэтгэлд мөнхөрсөн, Ардын жүжигчин Л.Жамсранжав гуайн дархалчихсан дүр. Анх энэ дүрд тоглох санал аваад сүрдэж байв уу. Дүрийг дахин амилуулна гэхээр танд юу бодогдсон бэ?

-“Тамгагүй төр” жүжгийг тавьснаас хойш жил болж байна. Бараг хэдэн жилийн өмнө, Ардын уран зохиолч Б.Лхагвасүрэн гуай амьд сэрүүн байхад “Тамгагүй төр” жүжгийг дахин шинэчилсэн найруулгаар тавих гэж байгаа тухай яриа сонсогдож байсан. Гэхдээ “Херо интертайнмент”-ын найруулагч Б.Баатар анх гурван жилийн өмнө надад санал тавьж, Арчуг хааны дүрд тоглоно шүү гэхэд маш их айдас төрсөн. Хамгийн ихээр хайрлаж хүндэлдэг, тоглолтыг нь биширдэг, театрын аугаа жүжигчин, бид бүхний шүтээн Л.Жамсранжав гуайн тоглож, дархалсан дүрд тоглоно, дахин амилуулна гэдэг миний хувьд асар их айдас болгоомжлол төрүүлж, Арчуг хааны дүрээр ахин тайзнаа гарвал асар их тэнэглэл ч гэж хэлж болохоор өөрт санагдсан.


-Тэгээд айдсаа давж гарахад тань юу тусалсан бэ?

-Намайг юу илүү хурцалсан бэ гэвэл, энэ гайхалтай мундаг зохиол. Зохиолын хувьд үг болгон нь үнэ цэнтэй, олон үг нуршдаггүй, маш цөөн үгээр гайхалтай уран яруу тансаг, тэгсэн хэрнээ хурц илэрхийлж чаддаг. Лхагваа ахын шүлэг, яруу найраг угаас тийм шүү дээ. Ийм гайхалтай мундаг жүжгийн зохиолыг булшилж болохгүй, сайн ч болсон, муу ч болсон энэ жүжгийг бид л түүчээлж цааш нь үргэлжлүүлж авч явахгүй бол болохгүй гэж бодсон. Магадгүй би шинэчилсэн энэ найруулгад хамтран оролцсоноороо дараа дараагийн уран бүтээлчдэд боломж олгох юм болов уу гэж бодож, өөртөө их урам зориг, ташуур өгч, хүчилж, зүтгэсэн.

Жишээ нь, Шекспирийн “Ромео, Жульетта” жүжгийг дээр үеийн сонгодог, орчин үеийн, эсвэл моно жүжиг болгож хийдэг, Холливуд кино болгосон ч байдаг. Гэхдээ л энэ бүтээлийг үеийн үед тоглож, хүмүүс үзсээр байна. Яг тэрэнтэй адилхан, “Тамгагүй төр” жүжиг мөнх оршоосой, үе үеийн найруулагч, уран бүтээлчид үүнийг шүүрч авч, өөрсдийнхөө ур чадвар, авьяас билгээ сорих нь зөв юм байна гэдэг үүднээс зориглосон.


-Та өмнө нь “Тэнгэрийн хүү” жүжгийн Модун Шанью-д тоглож байсан. Энэ удаагийн түүхэн жүжигт мөн л хааны дүрд тоглолоо. Хоёулаа л Хүннү үеийн хаан. Арчуг хааны ямар чанарыг илүү онцлохыг зорьсон бэ?

-Эргээд бодоход би их азтай юм байна. Залуу уран бүтээлч бүрийн зүрх сэтгэлд түүхэн дүрд тоглох хүсэл мөрөөдөл хадаастай байдаг. Гэтэл би бүр Хүннү гүрний хоёр хааны дүрд тоглож чадлаа. Баярлалаа, гоё асуулт байна. Б.Цогнэмэхийн зохиолоор Төрийн соёрхолт, найруулагч Н.Наранбаатарын найруулсан “Тэнгэрийн хүү” жүжиг тухайн үедээ том тэсрэлт болсон. Үзэгчдийг огшоосон гайхалтай сайхан уран бүтээл болж чадсан гэж дүгнэдэг. Бас миний хайртай дүрүүдийн нэг. Модун Шанью хаан бол бодит дүр, эх орны үнэнч хүү, хайртай бүхнээ эх орныхоо төлөө зольж чадсан, гайхалтай дуулал.

“Тамгагүй төр” жүжиг бол цэвэр туульсын шинжтэй. Үг хэллэг нь маш гоё, шүлэглэсэн, яруу тансаг. Харин Арчуг хаан бол бодит биш, уран сайхны дүр. Арчуг хаан мөн л эх орныхоо төлөө үр хүүхэд, хань ижил, хайртай бүхнээ бас золиосолж чаддаг. Илэрхийлж байгаа агуулга, үзэгчдэд өгч байгаа өгүүлэмжийн хувьд утга нэг.

Өмнө нь би Модун Шанью хааны дүрийг илүү хурц догшин, харьцангуй залуу хаанаар бүтээсэн. Арчуг хааны хувьд эцэг хүн рүү илүү их чиглүүлж бүтээсэн. Төр гэдэг нь жижигрүүлсэн хувилбараараа гэр бүл, төрийн тэргүүн, ерөнхийлөгч гэдэг айлын аав, эцэг гэж хардаг. Тэгэхээр хааныг тоглохоос илүүтэйгээр аавыг тоглох ёстой юм байна гэж харсан. Үүнийг сайн гүйцэлдүүлж гаргана гэмээнэ хаан өөрөө тодорч гарч ирэх юм байна гэж л дотроо бодсон. Тиймээс сайн аав байх тухай илүү илэрхийлье гэж Арчуг хаан дээрээ бодсон доо.


-Багийн тухайд бараг харцаараа ойлголцохоор олон жил хамтарч ажилласан хүмүүс байна?

-Энэ нь манай найруулагчийн оновчтой нүүдэл юм болов уу гэж дотроо бодож байна. Миний алтан партнёр, миний хамгийн ойрхон тоглодог Эгэрэг түшмэлд ангийн анд, 1995 оноос хойш СУИС-т нэг мэргэжлээр, нэг зорилго, нэг мөрөөдөлтэйгөөр сурч байсан С.Болд-Эрдэнэ найз маань тоглож байна. Драмын театрт маш олон жүжигт хамтарч тоглож байсан. Бид хоёр бие биенээ гайхалтай мэдэрдэг, бие биенийхээ тоглолтыг ойлгодог. МУАЖ П.Цэрэндагва ах, МУГЖ Уранчимэг, МУГЖ Ш.Доржсүрэн нар дүрээ тултал бүтээж чаддаг авьяаслаг уран бүтээлчид. Бид хамт ажиллаж байсан, бие биенээ ойлгодог, мэдэрдэг уран бүтээлчид.

Ер нь бол жүжигт тоглохгүй жаахан уддаг ч юм уу, холдохоор тайзаа санаад байдаг юм байна. Биднийг одоо сонирхолтой том адал явдал хүлээж байна. Өмнө нь бид нутгийнхаа нууранд завиар сайхан сэлүүрдэж явж байсан бол одоо тэр завиараа задгай далай руу гарах гэж байна. Уран бүтээлч бүр дор дороо айдастай байгаа боловч, бүгдэд нь ийм гэгээн мөрөөдөл байсан байх. Миний хувьд, 1995 онд сургуульд орж, сурч, мөрөөдөж яваад, Драмын театрын тайзан дээр гараад алдсан, оносон, ахмадуудаасаа үг авсан, зэмлүүлсэн магтуулсан, муулуулсан, энэ олон нугачаа магадгүй дэлхийн тайзны төлөө байсан юм шиг санагдаж байна. Одоо надад үнэхээр өчүүхэн ч гэсэн туршлага, мэдрэмж, авьяас байдаг л юм бол тултал нь ашиглах ёстой юм байна. Үүний төлөө өдийг хүртэл бэлтгэгдсэн мэт бодол төрж байна. 100 хувь өөрийгөө дайчилна. Монголын урлагийн төлөө, Монгол Улсын төлөө энэ бол маш том боломж гэж бодож байна. Үүнийг зөвхөн “Тамгагүй төр”-ийн уран бүтээлчид биш, нийт урлагийнхан, монголчууд нийтээрээ хүсэн хүлээж байгаа байх. Дэлхийн суут зохиолч Уильям Шекспирийн өлгий нутаг алдарт Английн Колизеум тайзан дээрээс Монгол хэмээн тод хашгирах, Монголоо тод тамгалах мөчийг бид тэсэж ядан хүлээж байна.


-Таны хувьд тайзан дээрээ эргэж ирээд, энэ дүрд тоглосноороо өөртөө юу “олж авсан” бэ. Тайзаа их л санасан байх шиг?

-Өмнө нь би театрт ажиллаж байхдаа олон арван жүжигт тоглож байлаа. Театраас чөлөө авч, кино найруулгын чиглэлээр ажиллаад, 4-5 жил завсарласны дараа “Тамгагүй төр” жүжигт Арчуг хааны дүрээрээ эргэж тайзан дээрээ ирсэн. Урилгаар ирж, хамт олонтойгоо эргээд тайзнаа гарч байгаа явдал намайг их “цочролд” оруулсан. Жүжигчин хүн тайзан дээрээ амьдарч, үзэгчдийн халуун энерги, төөнөж байгаа харц, халуун алга ташилтаар тэжээгддэг юм байна. Үзэгчдэд бид үг, текст, үйлдэл, бодрол өгдөг бол эргүүлээд үзэгчдийн нулимстай, бахдалтай, омголон харцнаас мэдрэмжийг нь “авдаг”, түүгээр үзэгчдийг их гоё байлдан дагуулж, наадаж тоглож байдаг юм байна. Тайзан дээр жүжигчид бид хоорондоо харьцахаас илүүтэй үзэгчидтэйгээ харьцаж, цуг хөглөгдөж байдаг юм байна. Үнэхээр гайхалтай амьд харилцаа үүсдэгийг илүүтэй анзаарлаа, огшлоо. Тэр мэдрэмж хамгийн гоё байлаа.

“Тамгагүй төр” жүжиг нээсэн цагаасаа хойш 117 өдөр тоглосон. Бид нэг ёсондоо тайзан дээрээ амьдарлаа шүү дээ. Гэр бүлдээ, найз нөхдөдөө зарцуулдаг цагаасаа илүү цагийг “Тамгагүй төр”-ийн 117 өдрийн тэр олон үзэгчийн орчинд, тэр олон сонин аура мэдрэмжин дунд өнгөрөөж, амьдарч үзлээ. Энэ бол гайхалтай мэдрэмж байдаг юм байна. “Тамгагүй төр” жүжгийн хамт олондоо баярлалаа гэж дахин хэлье. Бид нэг баг болж хамтарч ажиллаж чадлаа. Үзэгчдийг байлдан дагуулж, үзэгчидтэйгээ бид 100 хувь амьд харилцаанд орж чадлаа. Энэ л хамгийн чухал зүйл.


-Та бүхэн хэдэн сарын дараа дэлхийн тайзнаа тоглох гэж байна. Харц солилцдог үзэгчид нь солигдох нь байна. Үзэгчдийн ийм харцыг мэдрэхийн тулд маш их хичээж байгаа нь мэдээж?

-Уран бүтээлч хүн төсөөлөх чадвар өндөр байх ёстой. Тэнд очоод шар толгойтой, өндөр хамартай, өөр иргэншилтэй, өөр сэтгэхүйтэй, огт өөр ертөнц биднийг хүлээж байгаа. Бид дэлхийн орчин үеийн театрын жишигт нийцсэн тоглолтыг харуулахын тулд бэлтгэлээ сайн хийх ёстой. Уран бүтээлчид бидний тэдэнд хүрэх хамгийн ойлгомжтой дөт зам бол англи хэлийг эрчимтэй сурах гэдэгт дуу нэгтэйгээр санал нэгдсэн. Бүх текстээ өөрийн болгоод, текстээрээ чөлөөтэй харьцах, хэлээ зүгшрүүлэх тал дээр маш их анхаарч ажиллаж байна. “Тамгагүй төр” жүжгийг үзэгчдэд мэргэжлийн түвшинд, дэлхийн стандартын дагуу уран бүтээлээ хүргэхийг хичээж байна. Түүнээс гадна тэр олон жуулчин Монголд ирээд театр, музей, соёл урлаг, түүхийг үзээд яваад байж чадахгүй шүү дээ. Тэгэхээр олон улсад “Монгол хаан” жүжгээрээ дамжуулаад монгол жүжиг, Монголын урлагийг, Монголын гайхалтай сайхан хувцас хэрэглэл, эртний археологийн олдворыг сурталчилж үзүүлнэ. Дээрээс нь зөвхөн драмын урлаг биш, бүжгийн, циркийн, тулааны, уран нугаралт, уртын дуу гэх мэтчилэн урлагийн хөгжлийг харуулна.

11 дүгээр сарын 17-нд Лондонд албан ёсоор нээлтээ хийхээр продюсер, найруулагч нар маань очиж гарын үсэг зурсан байгаа. Англиас багш нар ирж, хэл ярианы, тайзны ярианы, тайзны найруулгын гээд шат дараалсан хичээл зааж байна. Мөн маркетинг сурталчилгааны, техникийн баг ирнэ.


-Жүжгийг англиар тоглоход үг хэллэгээс авахуулаад дүрдээ ороход хэр нөлөөлж байна вэ. Монголоор хүртэл дүрээ өөрийн болгоход тодорхой цаг хугацаа шаарддаг?

-Уран бүтээлчийн хувьд энэ их сонин эргэлт болж байна. Бид монгол хэлээр текст цээжлээд, 3 цаг гаруй тоглоход энэ их текстийг яаж цээжилдэг байна гэдэг. Бид англиар текст цээжлэх өөр арга барилд давхар суралцаж байна.

Тэр мэргэжлийн тайзан дээр англичуудад, жуулчдад, тэнд байгаа гаднынханд өөрсдийнх нь хэлээр гайхалтай мундаг тоглож үзүүлэхгүй л бол бид гайхамшиг бүтээнэ гэж яриад хэрэггүй шүү дээ. Бид энгийн англи хэл сурна гэхээс илүүтэйгээр зохиолын үгнүүд дээрээ илүү их цаг гарган ажиллаж байна. Тайзны яриа гэдэг өөрөө бие даасан том урлаг. Тэгэхээр би сэтгэлгээний хувьд англиар уйлах, инээх, омогших шаардлагатай болж байна. Эмоц хөдөлж байж үг гардаг. Энэ л хэцүү.

Бид өнгөрсөн 10 дугаар сараас хойш англи хэлээр зохиолын текстэн дээр ажиллаж эхэлсэн. Одоо эргүүлээд монгол текстээ бодохоор зарим үед мартагдах жишээтэй. Гэхдээ хамгийн гоё бодогдсон юм нь юу гээч. Аугаа их хүмүүн Бямбын Ринчен гуайн “Чихний чимэг болсон аялгуу сайхан монгол хэл, Чин зоригт өвгөд дээдсийн минь өв их эрдэнэ” гэдэг ямар гайхалтай, үнэн, гоё үг вэ гэж бодсон. Англи хэлээр баахан нүдэж нүдчихээд, эргээд Лхагвасүрэн гуайн үгнүүдийг харахаар үнэхээр гоё, монгол хэл ямар тансаг, баялаг юм бэ. Өмнө нь тоглож байхдаа яагаад илүү их нухаж болоогүй юм бэ гэж бодогдсон. Өөр олон гайхалтай сэжүүр гарч ирж, дахиад өөрийгөө “маажмаар” санагдсан. Театрын агуу нь энд л байгаа юм. Жүжигчнээ дандаа маажиж байдаг, тулгана, ханана гэж ер байхгүй. Дахиад монгол хэлээр тоглохыг маш их хүсэж байна. Илүү их шунасан гэх үү дээ.


-Драмын театрын тайзнаас хэд дахин том, Английн 120 жилийн настай тайзан дээр гарахад сэтгэл зүйн маш их бэлтгэл хэрэгтэй байх. Зай талбай, техник шийдэл гээд?

-Мэдээж тэр том тайзан дээр гарна гэдэг гайхалтай том аз завшаан. Бид дэлхийн тайзан дээр очиж жүжиглэж, Монголоо сурталчлах гэж байна. Улам хариуцлагатайгаар, мэргэжлийн хэмжээнд тоглох гэж зүтгэж байна. Улсын маань ганц Драмын театр хэдэн онд баригдсан билээ, техник технологийн хувьд ямар билээ. Тэгэхээр бид тэр стандарт, тэр дэвшилтэт шинэ техник технологитойгоо харьцаж байж тоглохгүй бол шууд очиж тогловол наад захын сандрал үүснэ.

Драмын театрынхаа тайзанд бид дасчээ. Тийшээ тэд алхахад тэнд хүрдэг гээд нүдээ аниад тоглоход ч багцаа авахаар болчихсон тайз шүү дээ. Гэтэл Англид тоглоход наад зах нь тайзны хэмжээ өөрчлөгдөнө. 2500 хүний суудалтай “Колизей” театрын бельэтаж нь л гэхэд 4 давхар, партер нь маш том. Бид одооноос сэтгэл зүйн бэлтгэл хийж байна. Театрынх нь гадна доторх зураг, тайзных нь схем зургийг утсан дээрээ аваад, хэвлүүлээд гэрийнхээ ханан дээр, орныхоо хажууд тавьчихсан. Тэрийгээ харж, өөрийгөө дасгаж байна гэх үү дээ. Манай зураач нар тайзны хэмжээг нь аваад бидэнд зориулж хиймэл тайз гаргаж, тэрэн дээр бид сургуулилт хийж байна. Жишээ нь, Арчуг хаан 5 алхаад хүүгийнхээ хүзүү рүү хутга тулгадаг байсан бол тэндхийн тайзан дээр 7-8 алхах нь уу гэх мэт маш нарийн хэмжээ авч, эмоц бүх юмаа энд зангидаж авч байна. Энэ маягаар нүүдэлчин театр үүсэх гээд байна. Магадгүй бид дараа нь өөр театрт ч тоглохыг үгүйсгэхгүй. Бидний бэлтгэл сургууль 11-р сарын 17-нд нээлт хийх хүртэл үргэлжилнэ.


-Та СУИС-ийг жүжигчин, найруулагч мэргэжлээр төгссөн. “Хийморь” кино хийж, олон улсад ч сойж үзлээ. “Тамгагүй төр” жүжгийг кино болгож найруулъя гэсэн бодол бий юу?

-Уран бүтээлчид чөлөөт цагаараа ярьж суухдаа мөрөөдлөө ярьдаг шүү дээ. Бидний одоо очих Английн “Вэст энд” гээд гайхалтай олон театрт мюзикл, драмын гээд маш олон төрөл, жанраар жүжиг тавьж байгаа. Тэнд монголчуудын хамгийн сайн мэддэг, хүүхэд байхаасаа л үзсэн “Lion King” киноны жүжгийг гэхэд хэдэн арван жил тоглож байна. Том зах зээл тийм эрэлттэй байдаг юм байна. “Вэст Энд”-ийн жүжгүүдийн 50-аас дээш хувь нь Холливудад кино болсон байгаа. Тэгэхээр “Тамгагүй төр” жүжиг маань амжилттай яваад, урлаг судлаач, шүүмжлэгчдийн дэлхийн олон улсын түүхчдээс өндөр үнэлгээ авбал бидэнд санал ирж магадгүй шүү дээ. Монголын энэ сонин, гайхалтай хувцастай, энэ ард түмний тухай кино хийж болох юм шүү гэж. Эсвэл бид өөрсдөө ийм юм тайзан дээр бүтээлээ, одоо үүнийгээ дэлгэцийн бүтээл болгох сонирхолтой байна гээд явбал илүү дөхөм болж ч магад.

Би жүжигчний карьераар харьцангуй олон жил амьдарлаа, ажиллалаа. Дуртай, амттай, гоё байдаг юм. Найруулагчийн хувьд өөрийгөө сорьж, кино найруулах хүслээ биелүүлж, “Хийморь” уран сайхны киногоо хийсэн. Монголчууд яагаад киногоо олон улсын фестивалийн түвшинд аваачиж харьцуулж, өөрсдийгөө сорьж, уран бүтээлчийн хувьд өөрийгөө нээж, гадаад зах зээлд гарч болохгүй гэж. Энэ үүднээс олон улсын наадмуудад оролцсон, “Шилдэг кино”-ны найман шагнал авсан. Оскарын шалгаруулалтад хүртэл оролцож, шүүгч нарт үзүүлсэн. Энэ нь миний хувьд гайхалтай том амжилт гэж тухайн үед өөртөө урам зориг өгч байсан. Болох юм байна, монголчууд бид зүтгэж, зорих юм бол хийж бүтээж болох юм байна гэсэн зориг авч байсан. Одоо ч гэсэн “Тамгагүй төр” жүжгээс ийм итгэл авч байна. Монголчууд бид эвлэлдэн нэгдээд том зүйл рүү зориглоод зүтгэх юм бол бүх зүйл нээлттэй байна. Дэлхий бидэнд нээлттэй байна.

Ж.Гүррагчаа баатраас “Галактикаас харахад дэлхий танд ямар санагдсан бэ” гэж асуухад “Маш жижигхэн, маш үзэсгэлэнтэй юм билээ, дэлхийгээ хайрлаж яваарай” гэж хариулсан байдаг. Энэ бол үнэхээр гайхалтай үг байсан. Тэрэн шиг дэлхий бол  том мөрөөдөж, том зорьдог, тэрнийхээ төлөө завсаргүй зүтгэж, ажиллаж байгаа хүнд бол жоохон юм байна. Харин зорилгогүй, чиггүй, зөвхөн өөрийнхөө байран дээр эргэлдээд байгаа хүнд бол мэдээж дэлхий том санагдах байх. Хамгийн гол нь хэл сурах ёстой юм байна гэдгийг өөрийн биеэр туулж явж байгаа уран бүтээлчийн хувьд ойлгож мэдрээд байна. Бидний ирээдүй, хойч, залуу үеийнхэн маань ч зүтгээсэй, бүтээлч байгаасай гэж хүсэж байна.

Эцэст нь, “Тамгагүй төр” хэмээх энэ бүтээлийн найруулагчдын баг, жүжигчид, бүжигчид, хамтарч ажиллаж байгаа бүгдэд баярлалаа, бас та нартаа баяр хүргэе. Албан ёсны гэрээ хийж, үзэглэж чадлаа. Одоо бид сурсан, мэдсэн, ямар авьяас чадвартайгаа харуулах л үлдлээ. Ардын жүжигчин Жамсранжав гуайг таалал төгсөхөд “...Энэ жүжиг Жамсранжавтай булшлагдлаа...” гэгдэж байсан жүжгийг маш их бүдүүн зүрх гаргаж, дахин найруулж тавьсан найруулагч Б.Баатарт баяр хүргэе. Үнэхээр том зориг гаргасан. Ч.Найдандорж найруулагчийн 20 гаруй жилийн өмнөх тавилт, тайзны шийдэл, уран бүтээлчдийн сонголт гайхалтай байсан. Тийм мундаг уран бүтээлийг дахиж барьж аваад уран бүтээлчидтэй нэгтгэж нийлүүлээд, дэлхийн хэмжээний болгох гээд явж байгаа продюсер М.Есөнмөнх, А.Амундра, Ж.Өнөрмаа, Б.Баярцэцэг, зохион байгуулагч, менежерүүд гээд бүгдэд баярлалаа гэж хэлье. Гайхалтай мундаг хүмүүс бидний зам мөрийг засаж өгч байна. Ардын уран зохиолч, уран үгсийг эзэгнэгч, их найрагч Бавуугийн Лхагвасүрэн гуай тэнгэрээс хараад баярлаж байгаа байх аа. Түүний олон олон сор зохиол бүтээлээс “Тамгагүй төр” жүжгийн зохиол, адуугаар зүйрлэвэл Монголын уудам талаас хамгийн эмнэг азаргын уяа сойлго нь таараад холыг зориход бэлэн болж байна. Одоо бид морио сайхан унаад гаднынхны өмнө хол давхих хэрэгтэй боллоо. Үүний тулд бид сургуулилтаа сайн хийх хэрэгтэй. Бүх уран бүтээлчдэдээ баяр хүргэе, бас амжилт хүсье. 

Холбоотой мэдээ