Санхүүжилтийн 70-аас доошгүй хувийг орон нутгийн бизнес эрхлэгчдэд зориулна
МОНГОЛЫН МЭДЭЭ | НИЙГЭМУлаанбаатар /МОНЦАМЭ/. Монгол Улсын Ерөнхийлөгчийн санаачилсан “Хүнсний хангамж, аюулгүй байдал” үндэсний хөдөлгөөний хүрээнд хөнгөлөлттэй зээл олгох, үүнд хэрхэн хамрагдах талаар цуврал сургалт, хэлэлцүүлэг зохион байгуулж байгаа. Энэ удаад хүнсний бүтээгдэхүүн үйлдвэрлэгчдэд Жижиг, дунд үйлдвэрлэлийг хөгжүүлэх сангаас үзүүлж буй санхүүгийн дэмжлэг, зээлийн батлан даалтын сангийн оролцоо, хүнс, хөдөө аж ахуйн бизнесийн чиг хандлага, технологи, Монголын давуу тал, засаглалын боломжийн тухай мэдээлэл өгч, хэлэлцүүлэг өрнүүлсэн юм.
Хүнс, хөдөө аж ахуйн салбарыг дэмжиж, улсын төсөв, гадаадын зээл тусламж, арилжааны банкуудын эх үүсвэр, ЖДҮХС-гаас хөнгөлөлттэй зээл олгож байгааг Ерөнхийлөгчийн Эдийн засгийн бодлогын зөвлөх Б.Даваадалай дурдаад, “Зээлийн батлан даалтын сангаас 30 тэрбум төгрөгийн, гурван хувийн хүүтэй зээл олгохдоо 30 хүртэл хувийг ЖДҮ-үүдэд, 10 хувийг экспортын чиг баримжаатай үйлдвэрлэлд зориулах чиглэл өгсөн. Маш бага хүүтэй зээл учир хариуцлагатай байх ёстой. Зээл олголтод ямар нэгэн ашиг сонирхол орвол хатуу хариуцлага тооцохыг төрийн тэргүүн анхааруулсан”-ыг тэмдэглэв.
ЖДҮГ-ын дарга Я.Эрдэнэсайхан, “Хамгийн муу зээлийг 2012-2016 онд гаргасан. ЖДҮГ-ыг 2021 онд байгуулахад Хөгжлийн банканд 123 тэрбум төгрөгийн өртэй байсныг дарсан. Одоогоор ЖДҮХС-д 18.7 тэрбум төгрөг байна. ЖДҮХС-гаас 2022 онд зээл авсан 150 гаруй идэвхтэй зээлдэгч бий. ЖДҮГ одоогоор 210 тэрбум төгрөгийн авлагатай. Үүний 400 аж ахуйн нэгжийн 50-60 тэрбум төгрөг нь 2020, 2022 онд олгосон зээл юм” хэмээн ярилаа.
Арилжааны банкуудын
эх үүсвэрээс санхүүжих зээлийн тухайд Засгийн газраас хүүгийн
дэмжлэг болгож 135 тэрбум төгрөгийн хөнгөлөлт үзүүлнэ. ХХААХҮ-ийн сайдын тушаалаар ЖДҮХС-гаас энэ онд олгох санхүүжилтийн 70-аас доошгүй хувийг орон нутгийн бизнес эрхлэгчдийг
дэмжихэд олгоно. Ингэхдээ хөдөө
орон нутагт 21.7, нийслэлд 7
тэрбум төгрөгийн санхүүгийн
эх үүсвэрийг хуваарилан хүнс, газар тариалан, мал аж ахуйн
12 дэд салбарын төсөл хүлээн
аваад байгаа аж.
Хэлэлцүүлэгт оролцогчид
заавал барьцаа хөрөнгө бус олон жил хийсэн бизнесийг нь барьцаалж
зээл өгч болох эсэх, төр эх орноо барьцаалж гадаадаас авсан нэг
хувийн хүүтэй зээлээ банкаар дамжуулж хүүлдэг, ард түмэн нь 6 хувь төлж ногоо
тариалж, түүнийгээ өөрөө зарж чадахгүй, ченжүүдэд хямд өгчихөөд өрөнд ордог
системийг хэзээ халах зэргийг тодруулж, банкны хүүг устгах, ченжийн
тогтолцоог халж өгөхийг хүсэж байлаа. Мөн гадаад зах зээлд тухайлбал, Арабын орнуудад хурганы мах, шар тосыг маш өндөр
үнээр авахыг сонирхдог. Тэд өөрсдөө тээвэрлээд
авъя, бүтээгдэхүүнийхээ амталгааг
явуулаач гэдэг. Харамсалтай нь, малын гаралтай бүтээгдэхүүн, сүү цагаан
идээ хилээр гарахгүй учир бид дээжээс нь явуулж чаддаггүй, явуулъя гэхэд маш олон
төрлийн бичиг баримт шаарддаг нь
үнэхээр төвөгтэйг зарим оролцогч хэлсэн юм.
Энэ байдлаас гарч бодит үр дүнд хүрэхийн тулд ганц нэгээрээ бус хоршиж, нэгдсэн зохион байгуулалттай кластер болохыг зохион байгуулагчид зөвлөв. Мөн экспорт, хил, хорио цээртэй холбоотой 8 төрлийн хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тул өөрсдөдөө тохиолдож буй бэрхшээл хүндрэл, түүний зөв зүйтэй гаргалгааг ХХААХҮЯ-нд хүргүүлэх боломжтойг хэллээ.
"Хүнсний хувьсгал" хөдөлгөөнийг 2027 он хүртэл өрнүүлэхдээ 1.7 их наяд төгрөгийн хөрөнгийг хүнс, хөдөө аж ахуйн салбарт төсөвлөөд байгаа. ЖДҮХС-гаас энэ онд зээл авахаар 1200 гаруй аж ахуйн нэгж хандсанаас 655 нь материалаа бүрэн ирүүлж, 96 тэрбум төгрөгийн зээл хүсжээ. Шалгаруулалтыг 4 үе шаттай зохион байгуулах бөгөөд эхний шатад 306 аж ахуйн нэгж үлдсэнээс нийгмийн даатгал, өр төлбөртэй аж ахуйн нэгжийг хасаж, төслийнх нь хэрэгжих байдлыг олон улсын аргачлалаар үнэлээд, одоогоор 264 аж ахуйн нэгж шалгараад байна. Дараагийн шатанд ЖДҮГ-ын мэргэжилтнүүд аймаг орон нутагт аж ахуйн нэгжийн үйл ажиллагаатай танилцан, хэдэн ажилчинтай, газар нь өөрийнх нь эсэхийг хянах юм. Харин сүүлийн шатанд аж ахуйн нэгжүүд төслөө лайваар танилцуулж тэнцсэнээр зээл авах боломжтой болох аж.