Эко түлшний технологи нэвтрүүлэх боломжийн талаар ярилцав

МОНГОЛЫН МЭДЭЭ | НИЙГЭМ
oyundelger@montsame.gov.mn
2023-04-27 14:43:14

Улаанбаатар /МОНЦАМЭ/. Нийслэлийн Засаг даргын Нийгмийн салбар, ногоон хөгжил болон агаар, орчны бохирдлын асуудал хариуцсан орлогч З.Төмөртөмөө БНСУ-ын “Lee Physics” ХХК-ийн төлөөлөгчдийг хүлээн авч уулзлаа.


Уулзалтын үеэр агаар, орчны бохирдлыг шийдэх эко түлшний технологи нэвтрүүлэхэд хамтран ажиллах боломжийн талаар санал солилцов. НЗДТГ, нийслэлийн Агаар, орчны бохирдолтой тэмцэх газар нь долоон дүүргийн гэр хорооллын 200 мянган айл өрхийг сайжруулсан шахмал түлшээр хангах, түгээх, тээвэрлэх, борлуулах, нөөцлөх үйл ажиллагааг зохион байгуулан, бодлогоор дэмжиж, гадаадын туршлагаас суралцах, эко түлшний технологи нэвтрүүлэх, байгаль орчинд ээлтэй болгоход анхаарч байгаа.


Нийслэлийн Засаг даргын орлогч З.Төмөртөмөө “БНСУ-ын хотуудтай цаашид харилцаа, хамтын ажиллагааг өргөжүүлэхэд анхаарч, ялангуяа байгаль орчны салбарт хамтран ажиллахыг эрмэлзэж байна” гэв.

“Lee Physics” ХХК-ийн захирал Ли Кванг Вон “Манай компанийн үйлдвэрлэдэг эко түлшний ургамлын гаралтай уусмал нь 90 хувийн ус, 5 хувийн нарс модны ханд, 5 хувийн далайн замгийн ханднаас бүрддэг, нүүрсэнд шүршиж хэрэглэдэг технологи юм. Энэ технологио Монголд туршихад үр дүн сайн байгаа” гэлээ.


Уулзалтын төгсгөлд, тус технологи үр дүн сайтай байвал дэмжиж, хамтран ажиллахдаа таатай байх болно гэдгээ З.Төмөртөмөө илэрхийлснийг НЗДТГ-ын ХМОНХХ мэдээлэв. 

Холбоотой мэдээ