ХОВД: Бий биелгээний наадамд 700 гаруй хүүхэд оролцов
ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | ХОВД
Жаргалант /МОНЦАМЭ/. “Алтан өв” бий биелгээний наадам Ховд аймагт боллоо.
Тус
наадмыг нэрт бийч, бүжиг дэглээч МУГЖ Б.Дугараагийн нэрэмжит болгон дөрөв дэх
удаагаа зохион байгууллаа.
Бий биелгээний наадам цэцэрлэг, сургуулийн бага, дунд, ахлах нас гэсэн
ангиллын дагуу өрнөж, давхардсан тоогоор 700 гаруй хүүхэд гоцлол
болон хамтлаг төрөлд авьяас ур чадвараа
сорин өрсөлджээ. Наадмын шилдгүүд өнөөдөр тодорно.
“Алтан өв” наадам нь монгол үндэстний уламжилж ирсэн язгуур бий биелгээг гарган ирэх, сэргээх, түгээн дэлгэрүүлэх зорилготой. Мөн хүүхдэд урлагт багаасаа дуртай болох, бие бялдраа өв тэгш хөгжүүлэх, урлагийн мэдрэмжтэй болох, бүжгийн урлагийн өв хийгээд соёлд суралцах боломжийг олгодгоороо чухал ач холбогдолтой.
Тус
наадам нь 2015, 2017, 2019 онд бий биелгээ, МУГЖ Б.Дугараа гуайн дэглэн
найруулсан бүжгүүдээр өрнөж байсан. Тэгвэл энэ жил оролцогчид өөрийн сонирхлын
дагуу үзүүлбэрээ толилуулсан байна. "Алтан
өв" бий биелгээний наадмын шүүгчээр 4 хүн ажилласан. Үүний нэг бол нэрт
бийч, бүжиг дэглээч Б.Дугараа агсны хүү МУГЖ, Соёлын элч, балетчин Д.Алтанхуяг байлаа.
Ховд
аймгийн Хөгжимт драмын театрын бүжиг анги нь одоогоор 11 гишүүнтэй. Тус
бүжиг анги анх 2015 онд Б.Дугараагийн нэрэмжит болсноос хойш МУГЖ
Б.Дугараа гуайн дэглэлт бүжгүүдийг түлхүү үзэгчдийн хүртээл болгож иржээ.
Б.Дугараа
нь 1937 онд Ховд аймгийн Булган суманд төрсөн.
Бага насандаа торгуудын агсал, эрээн хавирга, цацал гэдэг бүжгийг биелж байсан бөгөөд аймгийн Хөгжимт драмын театрт дагалдан бүжигчнээр орсноос хойш 32 жил бүжиглэж, бас бүжиг дэглэжээ, Өөрөө биелж, бүжиглэхээс гадна хамгийн олон буюу 100 гаруй бүжиг дэглэсэн аж.
Түүний
дэглэсэн “Зандан товшилт” бүжиг Монгол телевизээс зохион байгуулсан уралдааны тэргүүн
байр эзэлсэн. Энэхүү бүжиг Алтайн хязгаараас Дорнодын тал хүртэл тархан
Б.Дугараагийн “Зандан товшилт” гэж алдарших болжээ.
МУГЖ Б.Дугараа агсны бүжгийн тавил нь Баруун монголчуудын намба, ард түмний аж амьдрал, хөдөлмөрийн үйлийг бүжгээр тодорхой илэрхийлэн харуулсан гэдгээрээ онцлогтой.