“Хөх морь” төсөл: 33 байршилд нийт 52 тэрбум шоо метр ус хуримтлуулна

МОНГОЛЫН МЭДЭЭ | БАЙГАЛЬ ОРЧИН
192@montsame.mn
2023-04-28 16:52:20

Улаанбаатар /МОНЦАМЭ/. Манай улс Монгол Улсын Ерөнхийлөгчийн санаачлан хэрэгжиж буй “Тэрбум мод” үндэсний хөдөлгөөн, Засгийн газрын “Шинэ сэргэлтийн бодлого”-ын хүрээнд усны нөөц, хангамжийг нэмэгдүүлэхийг зорьж буй. Энэ чиглэлээр төлөвлөж буй томоохон ажлын нэг нь усан сан, усан цогцолбор болон УЦС барих төслүүдийг нэгтгэсэн “Хөх морь” төсөл юм.


Уг төслийн талаар Засгийн газрын хэрэгжүүлэгч агентлаг Усны газрын ахлах мэргэжилтэн Х.Мягмаржав “Уур амьсгалын ногоон сангийн хоёрдугаар хөтөлбөр”-ийн төслийг хэлэлцэх зөвлөдөх уулзалт дээр танилцуулсан юм.


“Хөх морь” төслийн захиалагч нь БОАЖЯ болон Усны газар гэдгийг тэрбээр тодотгож, төслийг анх 2019 онд төлөвлөн гаргаж, Монгол орны нийт нутаг дэвсгэрт усан цогцолбор байгуулах боломжтой 33 байршлыг тодорхойлж, урьдчилсан судалгааг гаргаад буйг мэдээллээ.


Энэхүү төслийг хэрэгжүүлснээр гадаргын усыг хуримтлуулах усан сан, усан цогцолбор байгуулахаас эхлээд усны эрчи хүч гаргаж авах төслүүдийг хэрэгжүүлэх юм. Энэ талын үндэслэлийг хөгжлийн бодлогын баримт бичгүүдэд тусгажээ. Тодруулбал, Уур амьсгалын өөрчлөлтийн тухай НҮБ-ын суурь конвенцийн дагуу, Монгол Улсын Үндэсний аюулгүй байдлын зөвлөлийн үзэл баримтлал, Тогтвортой хөгжлийн зорилтууд, Алсын хараа-2050 болон Засгийн газрын 2020-2025 оны үйл ажиллагааны хөтөлбөр, хамгийн сүүлд 2021 оны Засгийн газрын “Шинэ сэргэлтийн бодлого”-д тус тус тусгаад буйг дурдлаа.


Усны төслүүдийг хэрэгжүүлэхийн ач холбогдлыг тэрбээр,

  • гадаргын усны нөөцийг нэмэгдүүлж, ашиглалтыг сайжруулах,
  • гол, мөрний гачиг үеийн урсацыг тэтгэх,
  • ХАА-н усалгаатай газар тариалангийн талбайг нэмэгдүүлж, бэлчээрийн доройтол,  үерийн эрсдлийг бууруулах,
  • усны эрчим хүчийг гаргаснаар хүлэмжийн хийг багасгах,
  • цөлжилтөд өртсөн талбайн хэмжээг багасгаж, шар шороон шуурга үүсэх нөхцөлийг бууруулна хэмээн үзэж буйгаа илэрхийллээ. 




“Хөх морь” төслийн хүрээнд барьж байгуулж болох усан сан, усан цогцолбор, УЦС-ын 33 байршлын техникийн урьдчилсан судалгааг хийж тодорхойлон гаргаад байна. Техникийн боломжтой дээрх байршлуудад буюу Монгол орны томоохон голууд дээр усан сан, цогцолбор байгуулвал, нийтдээ 52 тэрбум шоо метр ус хуримтлуулах боломжтой хэмээн үзжээ.

Холбоотой мэдээ