Хоол, хүнс үйлдвэрлэгчдийг нийслэлээс бодлогоор дэмжиж ажиллана

МОНГОЛЫН МЭДЭЭ | НИЙГЭМ
batbold.sh@montsame.gov.mn
2023-04-30 15:10:31
@ShoovdorBatbold

Улаанбаатар /МОНЦАМЭ/. Нийслэлийн иргэдийг эрүүл, аюулгүй хүнсээр хангах, түүхий эд, бүтээгдэхүүний нийлүүлэлт тасалдахаас сэргийлэх, үнийн өсөлтийг бууруулах арга замууд, хүнс үйлдвэрлэлийн салбарт тулгамдаж буй асуудлыг хэлэлцэх, мөн шийдэхэд нийслэлээс үзүүлэх дэмжлэгийн талаар санал солилцох уулзалт боллоо.


Тодруулбал, Нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын Захирагч Д.Сумъяабазар, Улаанбаатар хотын Ерөнхий менежер бөгөөд Захирагчийн ажлын албаны дарга М.Баяраа, нийслэлийн харьяа газруудын дарга, холбогдох мэргэжилтнүүд хүнс үйлдвэрлэлийн салбарын төлөөлөлтэй уулзсан юм. Хоол, хүнс үйлдвэрлэгчдийн шийдвэр гаргах түвшний төлөөллүүд, мэргэжлийн холбоод, бар, кафе, цайны газрын үйлчилгээ эрхлэгчдийн төлөөлөл зэрэг 100 гаруй хүн уулзалтад оролцов.


Нийслэлийн хэмжээнд хоол үйлдвэрлэл, үйлчилгээний чиглэлээр 3615 иргэн, аж ахуйн нэгж үйл ажиллагаа явуулж буйгаас ресторан 1150, баар 958,  кафе 210, цайны газар болон сүлжээ хоолны газар 1145, кофе шоп 152 байдаг. Мөн хүнсний боловсруулах үйлдвэр 620 байгаагаас гурил, гурилан бүтээгдэхүүний 192, мах, махан бүтээгдэхүүний 232, сүү, сүүн бүтээгдэхүүний 38, цэвэр ус, ундаа, жүүсний 53, согтууруулах ундаа, тамхины 28, өндөгний найм, нөөшилсөн болон бусад 69 үйлдвэр үйл ажиллагаа явуулж байна.


Нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын Захирагч Д.Сумъяабазар:

-Ажлын байр бий болгож, хотын эдийн засагт хувь нэмрээ оруулж байгаа аж ахуйн нэгжүүдээ хууль, эрх зүй, чадамжийнхаа хүрээнд бодлогын түвшинд хэрхэн дэмжих вэ, тулгамдаж буй асуудлыг шийдвэрлэхэд яаж оролцох вэ гэдэг асуудлыг өнөөдөр ярилцаж байна. Бизнес эрхлэх орчныг ил тод болгох, бизнес эрхлэгчдэд ээлтэй байлгах, асуудлаа нээлттэй ярилцдаг, хамтраад шийддэг болох нь бидний зорилго хэмээлээ.


Улаанбаатар хотын Ерөнхий менежер бөгөөд Захирагчийн ажлын албаны дарга М.Баяраа:

-Улаанбаатар хотод үйл ажиллагаа явуулж байгаа хоол, хүнс үйлдвэрлэгч нарын гол төлөөлөл ирсэн байна. Монгол Улсын Засгийн газраас 2023 оныг Монголд зочлох жил болгон зарласан. Үүнтэй холбоотойгоор энэ зун  жуулчид олноор ирнэ гэж төлөвлөж байна. Тэгэхээр дотоод, гадаадын жуулчдад үйлчлэхэд хамтарч ажиллах талаар санал солилцох нь чухал. Мөн мэргэжлийн хяналтын байгууллагыг татан буулгасан, Хотын стандарт батлагдсан зэрэг хоол, хүнсний салбартай шууд хамаатай асуудлууд бий. Энэ бүхнийг хэлэлцэж шийдэл олох, та бүхний саналыг сонсохоор уулзалтыг зохион байгуулж байна.


Хоол, хүнс үйлдвэрлэгч болон зочлох үйлчилгээний бизнес эрхлэгчдэд тулгамдаж буй нэг асуудал бий. Энэ бол Согтууруулах ундааны эргэлтэд хяналт тавих, архидан согтуурахтай тэмцэх тухай хууль хэрэгжиж эхэлсэнтэй холбогдуулан тусгай зөвшөөрлийг батлах ажил. Согтууруулах ундаа худалдах, түүгээр үйлчлэх тусгай зөвшөөрлийн тоог Хүнс, хөдөө аж ахуй, хөнгөн үйлдвэрлэлийн сайд, Эрүүл мэндийн сайд, Хууль зүй, дотоод хэргийн сайдын хамтарсан тушаалаар энэ оны долоодугаар сарын 1-нээс өмнө батлахаар Ажлын хэсэг байгуулсан. Гэхдээ аялал жуулчлалын улирал эхэлж буй зэрэг нөхцөл байдалтай уялдуулан тусгай зөвшөөрлийн тоог тавдугаар сард батлах талаар Ажлын хэсэгтэй ярилцаж байгаа гэсэн юм.


Ресторан, зоогийн газрын холбооны ерөнхийлөгч Е.Есөнмөнх:

-Ресторан, зоогийн газрын холбооны хувьд Согтууруулах ундаа худалдах, түүгээр үйлчлэх тусгай зөвшөөрлийн тоог яаралтай батлахад нийслэлийн зүгээс дэмжиж өгөх санал гаргаж байна. Түүнчлэн энэ Ажлын хэсэгт мэргэжлийн холбоодын төлөөллийг оруулах нь чухал. Энэ жил олон жуулчин ирнэ гэж төлөвлөж байгаа. Гэтэл долоодугаар сард, жуулчны улирал хэдийн эхэлчихсэн байхад тусгай зөвшөөрөл гарч таарах нь. Энэ бол зочлох үйлчилгээний салбарт үйл ажиллагаа явуулж байгаа аж ахуйн нэгжүүдийн хувьд алдагдал хүлээх нөхцөл юм гэлээ.


“Дельта холдинг” ХХК-ийн захирал У.Мөнхжаргал:

-Мэргэжлийн хяналтын байгууллагыг татан буулгасантай холбоотойгоор хүнс үйлдвэрлэлийн салбарт чанарын хяналтыг сайжруулах хэрэгтэй байна. Тухайлбал,  жижиг гуанз, хоолны газрууд чанарын шаардлага хангахгүй тос ашиглаж байна. Хүнсэнд ашиглах тосны хүчил нь таван хувиас ихгүй байх ёстой байтал 40 хувь хүрчихсэн байгаа тохиолдол их. Энэ бол иргэдийн эрүүл мэнд, амь настай хамаатай асуудал хэмээж байлаа. Мөн хүнсний чанар, аюулгүй байдалд анхаарах, зах, худалдааны төвүүд, задгай талбайд худалдаалж буй бүтээгдэхүүнд хяналт тавих нь чухлыг салбарынхан онцлов. Түүнчлэн тусгай зөвшөөрөл олгох үйл явцыг шуурхай болгох, энэ чиглэлд хүнд суртлыг арилгах нь аж ахуйн нэгжүүдэд том дэмжлэг болно гэдгийг илэрхийллээ.


“Жүр үр” ХХК-ийн захирал Б.Мөнхзул:

-Үйлдвэрлэлээ өргөтгөх, тоног төхөөрөмжөө шинэчлэхэд тулгардаг нийтлэг бэрхшээл бол зөвшөөрөл. Бид үйлдвэрийн байраа барих, эсвэл өргөтгөхөд нийслэлээс хэд хэдэн удаагийн зөвшөөрөл авах ёстой байдаг. Гэтэл зөвшөөрөл гарахгүй уддагаас алдагдалд ордог, үйл ажиллагаа саатдаг. Үүнийг шийдэхэд анхаарч өгвөл хамгийн бодитой дэмжлэг болохоор байна хэмээсэн юм.


Хоол, хүнс үйлдвэрлэлийн салбарт тулгамдаж байгаа асуудлуудыг аж ахуйн нэгж, бизнес эрхлэгчдийн зүгээс онцолж байлаа. Тухайлбал, эрх бүхий байгууллагаас урьдчилан мэдэгдэлгүйгээр ус, цахилгааныг хаадаг, тусгай зөвшөөрлүүд удаж гардаг, ажиллах хүчний хомсдол их байгааг ярьсан. Мөн хоол үйлдвэрлэл, рестораны бизнест хамгийн их тулгамдаж буй асуудал нь гадаадаас өндөр чадвартай тогооч, мэргэжилтнүүд урьж ажиллуулах байдаг аж. Энэ тал дээр нийслэлийн зүгээс бодлогоор дэмжих боломжтой, эсэх талаар тодруулж байсан юм. Түүнчлэн хүнс үйлдвэрлэлийн салбарын бүх ажилчдаас эрүүл мэндийн шинжилгээ өгөхийг шаарддаг нь бэрхшээл үүсгэж байгааг “Сүү” ХК-ийн төлөөлөл хэлж, эдгээр шинжилгээг цаг зав хэмнэсэн байдлаар зохион байгуулах саналыг тавьсан юм.


Нийслэлийн зүгээс хоол, хүнсний үйлдвэрлэл эрхлэгчдийн асуултад тодорхой хариултуудыг өгөхийн зэрэгцээ тэдний зүгээс ирүүлж буй санал, хүсэлтийг хүлээн авч, цаашид хийх ажил, авах арга хэмжээндээ тусгаж ажиллахаа онцолсон юм. Тухайлбал, ажлын байр бий болгож, хууль журмаа мөрдөн, нийгэмд үлгэр жишээ үзүүлж буй аж ахуйн нэгжийг бодлогоор дэмжиж ажиллахаа мэдэгдлээ.


Нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын Захирагч Д.Сумъяабазар “Аж ахуйн нэгжүүдийг бүх л түвшинд дэмжиж ажиллана. Тухайлбал, стандарт, хууль журмын дагуу үйл ажиллагаагаа явуулж, үнэ цэн бүтээж байгаа аж ахуйн нэгжийг ногоон буюу А категорид багтааж, нийслэлийн зүгээс бодлогоор дэмжих ажлыг эхлүүлнэ. Мөн өнөөдрийн уулзалтаар та бүхнээс ирүүлсэн саналын дагуу тулгамдсан асуудлыг шийдэх, дэмжлэг үзүүлэх Ажлын хэсэг байгуулна. Ингээд нийслэлээс олгодог зөвшөөрлүүдийг шуурхайлах, ажиллах хүч зуучлахад нийслэлийн харьяа газруудтай хамтарч ажиллах боломж бүрдүүлэх, хяналт шалгалтын тал дээр мэдээллээ солилцох, зөвлөн туслахад онцгойлон анхаарах болно. Цаашид ийм уулзалтуудыг тогтмол зохион байгуулна” хэмээлээ.


Уулзалтын төгсгөлд хотын дарга Д.Сумъяабазар дараах үүрэг даалгаврыг өглөө. Үүнд:

  • Хүнсний үйлдвэрлэлийн байрыг өргөтгөх, шинэчлэхэд техникийн нөхцөл, барилгын ажил эхлэх зөвшөөрөл, дулаан хангамж болон ус, цахилгааны асуудлыг шийдвэрлэх ажлыг шуурхайлах үүрэг бүхий Ажлын хэсгийг Улаанбаатар хотын Захирагчийн ажлын алба, Ус сувгийн удирдах газар, Нийслэлийн Хот байгуулалт хөгжлийн газар, Нийслэлийн Газар зохион байгуулалтын алба, Нийслэлийн Эрүүл мэндийн газар, Нийслэлийн Хүнс, хөдөө аж ахуйн газар, Хотын стандарт хяналтын газрын бүрэлдэхүүнтэйгээр байгуулах;
  • Худалдаа, үйлчилгээний газруудад “Грийн лайн” үйлчилгээг нэвтрүүлж, А үнэлгээ авч ногоон түвшинд хүрсэн, холбогдох стандартын шаардлага хангасан аж ахуйн нэгжүүдийг хяналт шалгалтаас чөлөөлж, Нийслэл хотын албан татварын хоёр хувиас чөлөөлөх асуудлыг судалж шийдвэрлэх;
  • Худалдаа, үйлчилгээг дэмжих аяныг зохион байгуулах;
  • Хүнсний чиглэлийн үйл ажиллагаа эрхлэгчдийн ажилтан, ажилчдыг нэгдсэн байдлаар эрүүл мэндийн үзлэг, шинжилгээнд хамруулах ажлыг зохицуулах, шинжилгээний төлбөрийг бууруулах асуудлыг судлах үүрэг даалгавар өглөө.
Холбоотой мэдээ