СЭЛЭНГЭ: Хариуцлагатай ногоон хөгжлийн салбарыг манлайлна

ТЭРБУМ МОД
otgontsetseg@montsame.mn
2023-05-02 11:02:54

Сүхбаатар/МОНЦАМЭ/. Тус аймаг нь Улаанбаатар, Дорноговь, Өмнөговь аймгуудад өөрийн нэрэмжит ойн төгөл байгуулах замаар хариуцлагатай ногоон хөгжлийн салбарыг манлайлан ажиллана.


Энэ ч утгаараа Монгол Улсын Ерөнхийлөгчийн санаачилгаар хэрэгжүүлж буй “Тэрбум мод” үндэсний хөдөлгөөний хүрээнд “Тэрбум мод-Их ажлын эхлэл” хөдөлгөөнийг өрнүүлээд байна.


Иймээс дээрх хөдөлгөөнийг бодитой, үр дүнтэй хэрэгжүүлэх зорилгоор тодорхой төлөвлөгөөтэй, үндсэн 3 том зорилтын хүрээнд хэрэгжүүлэхээр төлөвлөжээ. 

 

Энэхүү зорилтын нэн тэргүүнд доройтсон ойгоо нөхөн сэргээх ажлыг эрчимжүүлж байна.

 

Тодруулбал дээрх хөдөлгөөний хүрээнд шинээр 6 бичил цэцэрлэгт хүрээлэн байгуулж, ногоон байгууламжийн 2665м2 талбайг зүлэгжүүлж, 614 цэцгийн мандал байгуулжээ.

Мөн Орхонтуул сумын "Замын булаг"-ийн усыг хуримтлуулан хөв, цөөрөм байгуулан ашиглалтад оруулсан байна. Түүнчлэн өнгөрсөн 2 жилийн хугацаанд аймгийн хэмжээнд 50 мод үржүүлгийн газрыг шинээр байгуулсан байна.    


Тус аймаг 2023 онд 2.5 сая ширхэг мод тарьж, мод үржүүлгийн газруудад 20.0 сая ширхэг тарьц, суулгац ургуулан бойжуулж, 6.0 сая ширхэг тарьц суулгацыг зах зээлд нийлүүлэх эрхэм зорилго тавьсан.  


Түүнчлэн хомсдол, доройтолд орсон 2000 га талбайд ойжуулалтын ажлыг хийж, 11410 га талбайн хөнөөлт шавжийн  тэмцлийн ажлыг гүйцэтгэн, 160 га талбайд арчилгаа цэвэрлэгээ хийх замаар ойн бүтээмжийг нэмэгдүүлэхээр төлөвлөжээ.


Цаашлаад усны нөөц багатай Баруунбүрэн, Орхон, Орхонтуул, Сант, Хүдэр сумдын 5 булаг шандын эхийг хамгаалж, гүний цэвэр усны хэрэглээг боломжит бүх арга замаар бууруулж, бороо, цас, үерийн усыг хуримтлуулан ашиглах 2 хөв цөөрөм байгуулна.  


Мөн 2-р зорилтын хүрээнд цөлжилт, элсний нүүлтэд өртөж, доройтсон 20 га талбайд ойн зурвас байгуулж, голын эрэг орчмын 10 га газрыг бургасжуулах. Зарим сумдад боргоцойн цех байгуулан, төв суурин газрын ногоон байгууламжийг нэмэгдүүлэхээр ажиллаж байна.


Түүнчлэн “Тэрбум мод” үндэсний хөтөлбөрийг гадаад харилцаагаа эдийн засагжуулах бодлоготойгоо уялдуулан ОХУ-ын Бүгд Найрамдах Буриад улсаас шинэ сортын 1000 ширхэг тарьц суулгац, Япон Улсаас гоёл чимэглэлийн мод, тарьц суулгацыг аймагтаа нийлүүлэх гэрээг байгуулаад байна.


Цаашид 3-р зорилт болох ногоон хөгжлийн сэргэлтийн хүрээнд байгальд ээлтэй эдийн засаг, хөрөнгө оруулалтыг нэмэгдүүлж, “Ногоон сум”, “Ногоон гудамж”,  “Ногоон оффис”, “Ногоон ажлын байр”-ыг дэмжин ажиллах бодлогыг барьж байна.


Ингэснээр уур амьсгалын өөрчлөлтийг сааруулж, экосистемийн тэнцвэрт байдлыг хадгалж, байгаль орчны тогтвортой байдлыг ханган, үр өгөөжийг нь ирээдүй хойч үедээ өвлүүлэхэд том нөлөө болох юм. Иймээс байгалийн нөөцийг зохистой ашиглах, цөлжилт, газрын доройтлыг бууруулж, эрчим хүч, цэвэр усны хэмнэлттэй ногоон төсөл хэрэгжүүлж, уул уурхайн компанитай 2651 га талбайд 328.6 мянган ширхэг мод тарих гэрээг байгууллаа. 

Холбоотой мэдээ