Дизелийн түлшинд ногдуулдаг онцгой албан татварыг чөлөөлөв
МОНГОЛЫН МЭДЭЭУИХ-ын чуулганы өнөөдрийн хуралдаанаар Засгийн газраас өргөн мэдүүлсэн Онцгой албан татвараас чөлөөлөх тухай хуулийн төслийг анхны хэлэлцүүлгээр нь батлав.
Монгол-Оросын хувь нийлүүлсэн “Улаанбаатар төмөр зам” нийгэмлэг өөрийн хэрэгцээнд импортлох дизелийн түлшинд ногдуулдаг онцгой албан татварыг чөлөөлүүлэх хүсэлт гаргажээ. БНМАУ, ЗСБНХУ-ын Засгийн газар хооронд 1949 ондбайгуулсан хэлэлцээр болон одоогийн хүчин төгөлдөр мөрдөгдөж байгаа хууль, эрх зүйн орчны хүрээнд Монгол-Оросын хувь нийлүүлсэн “Улаанбаатар төмөр зам” нийгэмлэгийн хэрэгцээнд импортоор оруулж ирэх дизелийн түлшинд ногдуулах онцгой албан татварыг чөлөөлөх боломжгүй.
Татварын ерөнхий хуулийн 3.1-д “Татварыг зөвхөн Улсын Их Хурал хуулиар бий болгох, өөрчлөх, хөнгөлөх, чөлөөлөх, хүчингүй болгох эрхтэй” гэж заасан тул тусгайлсан хуулийн төсөл боловсруулж, УИХ-д өргөн мэдүүлэх замаар тус нийгэмлэгийн хэрэгцээнд импортоор оруулж ирэх дизелийн түлшиийг онцгой албан татвараас чөлөөлөх боломжтой байгаа тул холбогдох хуулийн төслийг боловсруулсан аж.
Байнгын хорооны хуралдааны үеэр уг хуулийн төслийг анхны хэлэлцүүлгээр нь батлах санал гарсан. Чуулганы хуралдаанаар уг санал олонхийн дэмжлэг авсан тул ийн батлагдлаа.
Б.Туул