Тохиролцоог тодорхой ажил хэрэг болгох айлчлал

ТОЙМ
adiyakhuu@montsame.mn
2023-05-03 10:48:22

Улаанбаатар /МОНЦАМЭ/. Монгол Улсын Гадаад харилцааны сайд Б.Батцэцэг 5 дугаар сарын эхний өдрүүдэд БНХАУ-д ажлын айлчлал хийлээ. Энэ бол Хятад улсын төр засгийн удирдлага шинэчлэгдэж, Төрийн Зөвлөлийн гишүүн, Гадаад хэргийн сайд Чинь Ган үүрэгт ажилдаа орсноос хойш манай улсын төрийн өндөр албан тушаалтны өмнөд хөршид хийсэн анхны айлчлал юм.


Хоёр талын иж бүрэн стратегийн түншлэлийн харилцаа, сайн хөршийн найрсаг, харилцан ашигтай хамтын ажиллагаанд дээд, өндөр түвшний харилцан айлчлалууд чухал үүрэг гүйцэтгэдэг бөгөөд цар тахлын үеэр ч тасалдаагүй билээ. Өдгөө айлчлалууд тогтмолжиж, өнгөрсөн онд гэхэд, дээд, өндөр түвшинд дөрвөн удаагийн айлчлал амжилттай болсон нь хоёр талын улс төрийн харилцан итгэлцэл бэхжиж, иж бүрэн стратегийн түншлэлийн харилцаа өргөжиж буйг харууллаа.


Энэ удаагийн айлчлалын үеэр хоёр улсын Гадаад харилцааны сайд нар албан ёсны хэлэлцээ хийж, Монгол-Хятадын харилцаа, хамтын ажиллагаа болон харилцан сонирхож буй олон улсын ба бүс нутгийн асуудлуудаар санал солилцлоо.


Синхуа агентлагийн мэдээнд дурдсанаар, Хятад, Монгол хоёр бол сайн хөршүүд, сайн нөхөд, сайн түншүүд болохыг сайд Чинь Ган онцлон тэмдэглээд, хоёр улсын төрийн тэргүүн нарын чухал тохиролцоонуудыг хэрэгжүүлэх, талуудын язгуур эрх ашигтай холбоотой болон харилцан сонирхож буй асуудлуудаар дэмжлэг үзүүлэх, улс төрийн харилцан итгэлцэл, хоёр ард түмний найрамдлыг бэхжүүлэхэд Монгол Улстай хамтран ажиллахад Хятад улс бэлэн байгааг илэрхийллээ.


Хариуд нь сайд Б.Батцэцэг хэлэхдээ, Монголын тал “Нэг Хятад” бодлогыг тууштай дэмжиж байгаа бөгөөд Тайванийн асуудал, Хонконг, Шинжаантай холбоотой асуудлууд бол цэвэр Хятадын дотоод хэрэг хэмээн үздэгийг онцлон дурдав.


Тэрбээр мөн Хятад улсын дэвшүүлсэн “Даян дэлхийн хөгжлийн санаачилга”, “Дэлхийн аюулгүй байдлын санаачилга”, “Дэлхийн соёл иргэншлийн санаачилга”-ыг Монгол Улс сайшаан дэмжиж байгааг илэрхийлээд, БНХАУ-тай улс төрийн харилцан итгэлцлийг гүнзгийрүүлж, бодит хамтын ажиллагааг өргөжүүлж, хоёр талын харилцааг бүс нутагтаа жишиг загвар болгохыг эрмэлзэж байгааг онцлон тэмдэглэлээ.


Сайд Б.Батцэцэг, сайд Чинь Ган нар Монгол Улсын Ерөнхийлөгч У.Хүрэлсүхийн 2022 оны 11 дүгээр сард БНХАУ-д хийсэн төрийн айлчлалын үеэр хоёр орны төрийн тэргүүн нарын хүрсэн тохиролцоог бодит ажил хэрэг болгох, хоёр улсын иж бүрэн стратегийн түншлэлийн харилцааг шинэ шатанд гаргахын төлөө нягт хамтран ажиллахаар тохиролцов.


Хилийн боомтуудаа сэргээн сайжруулах талаар манай улс идэвхтэй ажиллаж буй энэ үед хоёр сайдын хэлэлцээний явцад анхаарлын төвд байсан сэдэв нь Гашуунсухайт-Ганцмод, Ханги-Мандал боомтуудын төмөр замын холболтын ажлыг эрчимжүүлэх тухай асуудал байлаа.


Таван жилийн өмнө хоёр талын худалдааны эргэлтийг 10 тэрбум ам.долларт хүргэх зорилтыг тавьж байсан нь хэдийнэ хэрэгжсэн бол Ерөнхийлөгч У.Хүрэлсүхийн айлчлалын үеэр ойрын жилүүдэд 20 тэрбум ам.долларт хүргэх том зорилтыг дэвшүүлсэн. Эл зорилтыг хангахын тулд дээрх хоёр боомтын төмөр замын холболтын ажлыг дуусгах нь нэн чухал. Энэ үүднээс юуны түрүүнд 1955 оны Монгол, Хятадын хилийн төмөр замын хэлэлцээрийг шинэчлэн байгуулах, түүнчлэн Монгол, Хятадын хилийн боомт, тэдгээрийн дэглэмийн тухай Засгийн газар хоорондын хэлэлцээрт Ханги-Мандал төмөр замын боомтыг нэмж тусгах шаардлагатай болоод байгаа юм. 


Түүнчлэн “Монголд зочлох жил”-ийн хүрээнд хятад жуулчдыг татах, үүний тулд хоёр улсын аялал жуулчлалын компаниудын хамтын ажиллагааг дэмжих, галт тэрэгний хөдөлгөөнийг сэргээх, нислэгийн тоог нэмэгдүүлэх тухай асуудлыг хэлэлцэв.


Мөн цөлжилт, шар шороон шуургатай хамтран тэмцэх, Монгол Улсын Ерөнхийлөгч У.Хүрэлсүхийн санаачилсан “Тэрбум мод” тарих үндэсний хөдөлгөөнийг дэмжих үүднээс Монгол, Хятадын Цөлжилттэй тэмцэх хамтарсан судалгааны төвийг байгуулах асуудлаар хоёр талын судалгааны багийг Бээжин, Улаанбаатар хотноо ажиллуулахНҮБ-ын Цөлжилттэй тэмцэх Конвенцод нэгдэн орсон талуудын 17-р бага хурлыг (COP17) 2026 онд манай улсад зохион байгуулахад дэмжлэг үзүүлж, хамтран ажиллах; Ерөнхийлөгч У.Хүрэлсүхийн айлчлалын үеэр тохиролцсон “Хүүхэд, залуучуудын спорт сургалтын төв”, “Үндэсний урлагийн их театр” байгуулах төслийн ТЭЗҮ боловсруулах багийг Улаанбаатар хотод ажиллуулах; Шинэ эрчим хүчний салбарт хамтран ажиллах боломжийг судлах зэрэг асуудлуудыг хоёр улсын Гадаад харилцааны сайд нар хэлэлцлээ.


Хэлэлцээний төгсгөлд, Монгол Улсын Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнийн БНХАУ-д хийхээр төлөвлөж буй айлчлалын бэлтгэлийг хангах асуудлаар санал солилцов.  


Гадаад харилцааны сайд Б.Батцэцэг ажлын айлчлалынхаа хүрээнд Хятадын iFLYTEK компанийн Бээжин дэх салбарт зочилж, тус компанийн хиймэл оюун ухаанд суурилсан дуу хоолой, яриа таних, хөрвүүлэх программ хангамж, цахим дуут хэлний орчуулгын төхөөрөмж, ухаалаг компьютерийн программ хангамжтай танилцав.


Тус компани 2017, 2019 онд MIT технологийн дэлхийн хамгийн шилдэг 50 компанийн нэгээр шалгарч, 2017 онд Хятад улсад 1 дүгээрт, дэлхийд 6-д бичигдэж байсан бөгөөд 2016 онд iFLYTEK орчуулгын төхөөрөмжийг Хятадын зах зээлд нэвтрүүлж байжээ.


Дараа нь сайд Б.Батцэцэг Монгол Улсаас БНХАУ-д суугаа ЭСЯ-ны дэргэдэх Монголын соёл, мэдээллийн төвд зохион байгуулагдсан “Бяцхан дипломатуудыг Монголын соёлтой танилцуулах өдөрлөг” буюу монгол, хятад хүүхэд багачуудын соёлын солилцооны арга хэмжээнд оролцлоо.


Гадаад харилцааны сайдын энэ удаагийн айлчлал нь хоёр улсын төрийн тэргүүн нарын хийсэн тохиролцоог бодит ажил хэрэг болгох, манай талд хүлээлт үүсгээд буй зарим асуудлыг шийдвэрлэх явцыг урагшлуулахад чухал түлхэц боллоо.  

Холбоотой мэдээ