Дефолтын ирмэгт дэнжигнэж буй Америк орон
ТОЙМУлаанбаатар /МОНЦАМЭ/. Хэрвээ Конгресс АНУ-ын өрийн таазыг өндөрсгөхгүй бол 6 дугаар
сарын 1 гэхэд Засгийн газар мөнгөгүй болно гэдгийг Сангийн сайд Жанет Йеллен даваа
гарагт анхааруулан мэдэгдсэн нь эдийн засагчдын ярианы гол сэдэв болоод
байна.
Ийм нөхцөл байдал үүссэн нь Америкийн түүхэнд хэзээ ч болж
байгаагүй дефолт зарлахад хүргэж магадгүй юм. Учир нь, өрийн дээд
хязгаарыг өсгөхгүйгээр
Америкийн эрх баригчид шинээр зээл авах боломжгүй болно. Өөрөөр хэлбэл, өрийн тааз гэдэг нь
төсвийн орлогоос гадуурх санхүүгийн эх үүсвэрийг зээлээр нэмж татах дээд хэмжээг
тодорхой зааж өгөхийг хэлдэг.
Өнөөдрийн байдлаар 31,4 их наяд ам.долларт хүрээд буй Америкийн өрийн таазыг аль
болох ойрын үед өсгөж өгөхийг хатагтай Йеллен Конгресст хандан уриалжээ. Сүүлийн 10 жилийн хугацаанд
АНУ-ын улсын өр 2 дахин өссөн бөгөөд ДНБ-тэй харьцуулсан хэмжээ нь энэ онд 130
хувиас давж магадгүй байна.
Улирал дуусахаас өмнө буюу 6 дугаар сар гарахаас өмнө Сангийн яам өмнө нь төлөвлөж байснаас 449 тэрбум доллароор илүү хэмжээний зээл авах гэж байгаа бөгөөд ингэснээр зээлийн нийт хэмжээ 726 тэрбум долларт хүрнэ. Учир нь, орлогын татвараас орох мөнгөний хэмжээ төлөвлөснөөс буурсантай зэрэгцээд Засгийн газрын зардал нэмэгдсэний улмаас зээлийн хэмжээг өсгөхөөс аргагүйд хүрсэн хэмээн зарим албан тушаалтан тайлбарлаж байна.
Америкчууд 4-р сард өмнөх оны татварынхаа үлдэгдлийг төлж
дуусгадаг тул төсвийн орлого хамгийн өндөр хувиар бүрддэг хэдий ч энэ оны хувьд
төсөвлөснөөс доогуур хэмжээнд байгаа учраас Засгийн газрын захиран зарцуулах
мөнгө урьдчилан таамаглаж байсанчлан 8-р сард бус, харин бүр наашилж 6-р сард
дуусаж магадгүй болжээ.
Ер нь бол, улсын өрийн таазыг өндөрсгөх нь АНУ-ын хувьд
хэвийн үзэгдэл бөгөөд 1960 оноос хойш 78 удаа өрийн дээд
хязгаарыг өсгөсөн байна.
Харин энэ онд нэлээд төвөгтэй нөхцөл байдал үүсээд байгаа бөгөөд Конгрессын Төлөөлөгчдийн танхимд олонх болж буй БНН-ын гишүүд Ардчилсан намаас сонгогдсон ерөнхийлөгч Жо Байдены дэвшүүлсэн хөтөлбөрүүдийг /төсвөөс ихээхэн зардал шаардаж буй/ эсэргүүцэж байгаа юм. Бүгд найрамдахчуудын хувьд, өрийн таазыг өсгөсний хариуд төрийн зардлыг эрс танахын зэрэгцээ оюутнуудын сургалтын зээлийн өрийг хүчингүй болгох, экологид ээлтэй технологид татварын хөнгөлөлт үзүүлэх зэрэг хөтөлбөрүүдээ зогсоохыг Цагаан ордноос шаардсаар байна.
АНУ-ын Сангийн сайд Жанет Йеллен
Харин эл шаардлагыг Конгрессын дээд танхим болох Сенатад олонх болж буй Ардчилсан намынхан хүлээж авахгүй байгаа бөгөөд Ерөнхийлөгч Ж.Байден хэлэхдээ “эдгээр асуудлаар ямар ч яриа хэлэлцээ хийхгүй” гэдгээ эрс шулуухан мэдэгджээ. Тэрбээр 9-ний өдөр улсын өр, өрийн дээд хязгаарын асуудлаар Конгресс дахь АН ба БНН-ын бүлгийн дарга нартай уулзахаар төлөвлөжээ.
Яг одоогийн байдлаар, өрийн дээд хязгаарыг 1,5 их наяд
доллароор өсгөж, харин төсвийн зардлыг 4,5 их наядаар танах чиглэл бүхий
хуулийн төслийг бүгд найрамдахчууд өргөн барьсныг Конгресс хэлэлцэж байна.
Дефолт зарлах аюул
Энэ өдрүүдэд бүгд найрамдахчуудын шаардлагыг зөвшөөрүүлэхийн тулд Цагаан ордны тэргүүнд үзүүлж буй шахалт улам нэмэгдсээр. Шаардлагыг хүлээж авахгүй бол Засгийн газар өрөө төлж чадахгүйд хүрч, дефолт зарлах эрсдэл нүүрлэнэ. Үйл явдал ингэж өрнөх аваас дэлхийн санхүүгийн зах зээлийг доргиож, гол тоглогч болох АНУ-д итгэх итгэлийг алдагдуулна. Улмаар эдийн засгийн хямралыг өдөөж, ажилгүйдэл газар авна.
Засгийн газрын мөнгө дуусах аваас төрийн байгууллагуудын ажилтнууд, цэргийн албан хаагчдын цалинг тавих боломжгүй болохоос гадна нийгмийн халамжийн тэтгэвэр тэтгэмж, Батлан хамгаалах яамны ханган нийлүүлэгчдийн төлбөр нэхэгдэх болно. Тэр ч бүү хэл телевизийн сувгууд цаг агаарын мэдээгээ цацаж чадахгүйд хүрэх бөгөөд учир нь, телевизийнхэн холбооны төсвөөс санхүүждэг Үндэсний цаг уурын албанаас мэдээгээ авдаг.
Өрийн таазыг өндөрсгөх эсэх тухай мэтгэлцээн АНУ-д уламжлал болсон
хэдий ч хэзээ ч дефолт болж байгаагүй бөгөөд эцсийн мөчид Конгресс өрийн таазыг өсгөснөөр асуудал
шийдэгдсээр иржээ. Гэхдээ асуудал үүсэх бүрт “аймшигтай үр дагавар бүхий
дефолт”-ын тухай “театрчилсан үзүүлбэр”-ийг толилуулдаг тул дэлхий даяараа
түүнийг нь өөрийн эрхгүй шимтэн үзсээр байгаад /дефолт болохгүй гэдгийг мэдсээр байж/
стресст автдаг.
Сангийн сайдын сануулан хэлснээр “өрийн таазыг өсгөх эсэхийг
эцсийн минут хүртэл хүлээх нь бизнест хохирол учруулж, хэрэглэгчдийн итгэлийг
алдагдуулж, богино хугацаатай зээлийн өртгийг нэмэгдүүлж, АНУ-ын зээлжих зэрэглэлийн
чансаанд сөргөөр нөлөөлөх эрсдэлтэй” ажээ. Ингэж хэлснээрээ хатагтай Йеллен
2011 онд болсон үйл явдлыг эргэн сануулав бололтой. Тухайн үед өрийн таазыг өндөрсгөх асуудал нэн хурцадсанаар Америк орон
техникийн дефолт зарлахад тун ойртсон бөгөөд Standard&Poors агентлагаас тогтоодог зээлжих зэрэглэлийн
хамгийн өндөр ААА гэдэг үнэлгээгээ алдаж, үүний улмаас санхүүгийн зах зээл
багагүй доргиж байв.
Техникийн дефолт гэдэг нь энгийн үгээр тайлбарлавал, тухайн цаг мөчид Засгийн газар огт мөнгөгүй байж болох ч хэсэг хугацааны дараа мөнгөтэй болохыг хэлдэг, өөрөөр хэлбэл, АНУ-ын засгийн газраас гаргасан өрийн бичгийн хүү, үндсэн төлбөрийг төлөх хугацаа түр хойшилсон гэсэн үг юм.