ДАРХАН-УУЛ: Электрон тамхи худалдан борлуулахыг хориглолоо

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | ДАРХАН-УУЛ
174@montsame.mn
2023-05-05 20:06:46

Дархан /МОНЦАМЭ/. Иргэд, өсвөр үе, залуучуудыг тамхинаас үүдэлтэй өвчин, эмгэгээс урьдчилан сэргийлэх, эрүүл мэндийг дэмжих зорилгоор аймгийн нутаг дэвсгэрт электрон тамхи, түүний дагалдах хэрэгслийг худалдан борлуулахыг хориглосон захирамжийг аймгийн Зарга Б.Азжаргал өнөөдөр гаргалаа. Уг захирамж тавдугаар сарын 15-ны өдрөөс эхлэн хэрэгжинэ.


Энэхүү шийдвэр нь Европын холбооны санхүүжилтээр Дархан-Уул аймагт хэрэгжиж буй “Найрамдал” төслийн хүрээнд сургуулийн орчинд үе тэнгийнхний дээрэлхэлт, ялгаварлан гадуурхалт, дарамт шахалтын асуудлыг багасгах зорилгоор пүрэв гарагт “Үе тэнгийнхний эрүүл харилцаа-эерэг орчин” сэдэвт хэлэлцүүлгийн үеэр гарчээ.


Учир нь аймгийн засаг дарга хэлэлцүүлгийн үеэр оролцогч хүүхэд бүрээс захидал авч уншиж танилцсаны дүнд хамгийн их анхаарал татсан, сэтгэл эмзэглүүлсэн асуудал нь сурагчдын дундах электрон тамхины хэрэглээ өндөр байгааг хязгаарлахыг хүсжээ.


Уг хэлэлцүүлэгт аймаг, сумдын бодлого тодорхойлогчид, мэргэжлийн байгууллагууд, ЕБС-ийн захирал, нийгмийн ажилтан, эцэг эх, сурагчдын төлөөлөл, хүүхдийн төлөө үйл ажиллагаа явуулдаг ТББ-ууд зэрэг 180 гаруй хүн оролцсон аж.


Ерөнхий боловсролын сургуулиудад хийсэн судалгаагаар өсвөр насны хүүхдүүдийн 54.9 хувь нь үе тэнгийнхээ зүй бус харилцаанаас дээрэлхүүлж буй  мэдрэмж авч байсан  гэжээ. Энэ нь хүүхдүүдийн сэтгэл зүй, сурлагын амжилт, хичээлд явах дур сонирхолд нөлөөлдөг тухай сэтгэлзүйчид болон нийгмийн ажилтнууд хэлж байна.

Холбоотой мэдээ