СЭЛЭНГЭ: Буриад Улсын тэргүүн нутагтаа айлчлахыг урилаа

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | СЭЛЭНГЭ
otgontsetseg@montsame.mn
2023-05-06 13:14:43

Сүхбаатар /МОНЦАМЭ/. ОХУ-ын Бүгд Найрамдах Буриад Улсын тэргүүн Алексей Самбуевич Цыденов тэргүүтэй албаны төлөөлөгчид айлчлалынхаа үеэр Сүхбаатар сумын Улсын тэргүүний Ерөнхий боловсролын 1 дүгээр сургуульд зочилж, уулзалт хийлээ.    


Уулзалтын үеэр Бүгд Найрамдах Буриад Улсын тэргүүн тус сургуулийн сурагчдыг эцэг эхийн хамт Буриад улсад айлчлахыг урилаа. Тэрээр Буриадын их, дээд сургуулиудад үнэ төлбөргүй суралцах боломж байгаа гэдгийг тодотгов. Мөн тэрбээр өөрийхөө урилгыг ойрын хугацаанд амжуулахыг хүссэн.


Тус сургууль дээр Буриад Улсын тэргүүн айлчлан ирж буй хоёр дахь тохиолдол болж байгаад баяртай байна хэмээн сургуулийн захирал Ц.Рэнцэнноров онцоллоо.


Сүхбаатарын сумын Улсын тэргүүний ЕБ-ын 1-р сургуулийн барилга нь ОХУ-ын бэлгийн шугамаар барьсан аж.

Хөрш орныхоо хэл, соёлд суралцах, хүүхдүүдийн сурах нөхцөлийг бүрдүүлэх зорилгоор тус сургуульд аймгийн Засаг даргын дэмжлэгтэйгээр 45 сая төгрөгийн хөрөнгө оруулалтаар "Лингафоны танхим" байгуулахаар болжээ.



Холбоотой мэдээ