СЭЛЭНГЭ: Я.Батсайхан: Өрсөлдөгч байсан аймаг биднийг хол орхижээ

ТЭРБУМ МОД
otgontsetseg@montsame.mn
2023-05-10 12:43:43

Сүхбаатар/МОНЦАМЭ/.Саяхан Сэлэнгэ аймгийн Сүхбаатар суманд болсон "Тэрбум мод" үндэсний хөдөлгөөний хэрэгжилтийн явц, үр дүн аймгийн зөвлөгөөнд олон аймгийн зочид оролцсон. Тэд тус аймгийн туршлагаас судалж, хийсэн бүтээсэн үйл ажиллагааг нүдээрээ үзэж, бахархсан. Тэдний нэг Хөвсгөл аймгийн Түнэл сумын иргэн, ахмад ойжуулагч Я.Батсайхантай хийсэн холын зочны сонирхолтой ярилцлагыг хүргэе.


-Сайн байна уу та, сайн явж байна уу?

-Сайн, та бүхэн сайн байна уу?


-Зөвлөгөөний үйл ажиллагаанд Хөвсгөл аймгаас ирж оролцож байгаа юм байна. Хэдүүлээ ирэв. Сэтгэгдлээ хуваалцахгүй юу?

-Би Хөвсгөл аймгийн Түнэл сумаас ирсэн. Тэндээ бас жаахан мод тарьдаг. Тэтгэвэрийн хөгшин. Тэгээд энэ сайхан үйл ажиллагаанд аймгийнхаа Ойн мэргэжлийн залуустайгаа ирж оролцож байна. Маш их баяртай сэтгэл өндөр байна.

1970-1980-аад оны үед Сэлэнгэ, Хөвсгөл аймгийн ойжуулагчид модны тарьц суулгацын материал бэлтгэх, сургаж, дадлагажуулах ажлаараа улсын хэмжээнд өрсөлдөгч аймгууд байлаа. Харин өнөөдөр өрсөлдөгч аймаг маань биднийг гүйцэхийн аргагүй хол орхижээ. Би маш их бахархаж байна.


-Хоёр аймаг өрсөлдөж байсан гэлээ. Тэр үеэ дурсаач?

-Танай аймгийн үйл ажилагааг харлаа. Харьцуулж их зүйлийг бодлоо. Тухайн үед Хөвсгөл аймаг Шинэс модыг их тарьж, ургуулж, тарьц суулгац гаргадаг байсан. Жилдээ зарим үед 2 сая орчим тарьц суулгацын материал гаргадаг байлаа. Үүгээрээ Сэлэнгэ аймагтаа өрсөлддөг байв. Нөгөө талаар тарьц суулгацын материалаа ууланд ойжуулалт нөхөн сэргээлтийн ажилд зориулан гаргадаг байсан.

Энэ ажлаараа Хөвсгөл, Сэлэнгэ 2 аймаг өрсөлддөг байлаа шүү дээ. Мөн Монгол Улсад ойн үржүүлгийн ажил, ойжуулагчдыг бэлтгэх боловсон хүчинг Хөвсгөл аймгийн Ойн ТМС, Сэлэнгэ аймгийн Шаамар сумын Ойн ТМС хоёр л бэлтгэдэг байлаа. Үүнийг эргээд бодоход маш их бахархалтай байна.


-Та өөрөө ойн мэргэжлийн хүн гэсэн. Одоо ч гэсэн мэргэжлээ орхилгүй ажилласаар л явна уу?

-Ах нь залуудаа ойн үржүүлгийн, мод үржүүлгийн газрын техникч, ойн ангийн дарга, байгаль орчны улсын байцаагч, ТМС-ийн багшийн ажил хийж явлаа. Одоо хэдийгээр тэтгэвэрт суусан ч гэсэн мод тарих, байгаль орчныхоо доройтлыг хамгаалах үйлсэд оролцоод, санаа сэтгэлээ солилцоод явж байгаадаа их урамтай байна.

Би Хөвсгөлийнхөө дээр үед ТМС гэж байсан одоо МСҮТ гэдэг болсон. Энд суралцаж байгаа ойн мэргэжлийн ангийн хүүхдүүдийг хавар, намартаа дагуулж яваад ойжуулалтын ажлыг их хийж байлаа. Мөн тарьц суулгацын материалын анхдагч үндэс үр боргоцойг бэлтгэх ажлыг их хийдэг байлаа. Манай аймаг хавар, намартаа нийт дүнгээрээ 350-400 мянган га талбайг ойжуулдаг байсан. Одоо энэ ажлаа орхиогүй, ойжуулалт хийж байгаа ч гэсэн танай аймгаас хамаагүй хоцрогдолтой яваа юм байна.

Сэлэнгэ аймгийн хувьд бол үнэхээр давуу явж байна. Би Хөвсгөл аймгийн Түнэл сумын “Могойн даваа” гэдэг газарт 1987 онд 60 га газрыг ойжуулсан. Түүний маань 80 хувь нь их сайхан ургасан. Хамгаалалтын зурвас нь хүртэл эгнээд сайхан ургасан байгаа. Энэ бол миний хийсэн багахан ч гэсэн бахархалтай ажил. Түүнийгээ танай энэ бүтээн байгуулалт, ажлын эрч хүчтэй харьцуулахад маш бага л юм байна.


-Та маш их эрч хүч авлаа гэж байна. Очоод хийхээр төлөвлөсөн. Шинэ төрсөн санаагаа хуваалцахгүй юу?

-Би өөрийнхөө хашаанд 18 төрлийн мод бут ургуулж байгаа. Төрөл нь 18 боловч хэмжээ нь бага. Тухайлбал манайх шинэсний тарьцыг жилдээ 50-70 мянга орчим ургуулж гаргадаг. Үүнийгээ жилд 100 мянга болгож, ургуулж байвал ойжуулалтад гаргах, тарьц суулгацын хангалтад нэмэр болох болов уу гэж бодлоо.

Бас нэг санасан зүйл бол улиас, бургасны мөчир, хайлаас, шар хуайсны модоор хамгаалалтын зурвас байгуулна гэж бодлоо. Энэ ажлаа 2024 оноос хэрэгжүүлэхээр төлөвлөж байна.

Энэ навчит үйлдвэрийн моднуудаа бол хот суурин газрыг тохижуулах орчны тохижилотод нийлүүлдэг. Манай аймагт бас тэрбум модны хөдөлгөөн өрнөж, сум, багт мод тарьж байгаа. Энэ үйлсэд би хувь нэмрээ оруулж байгаадаа баяртай байгаа.


-Танай Түнэл сум ойн сан ихтэй байхаа. Тэрбум модны хөдөлгөөнд хэр оролцож байна. Бас аймгийн хэмжээнд хичнээн мод тарихаар төлөвлөсөн байгаа вэ?

-Манай Түнэл сум хэрэглээний модны марериал их бэлтгэдэг онцлогтой. Энэ хөдөлгөөний хүрээнд 2 сая мод тарихаар төлөвлөж байгаа. Харин Хөвсгөл аймгийнхаа хэмжээнд 20 сая мод тарина гэсэн уриалгатай, үүнийг хэрэгжүүлнэ гэсэн төлөвлөгөөтэй ажиллаж байгаа.   

Нөгөөтэйгүүр Сэлэнгэ аймаг зөвхөн хөдөлгөөн ч гэхгүй өөрийнхөө уламжлалт ажлаараа биднийг харьцангуй хол хаяжээ. Сэлэнгэ түмэндээ баяр хүргэе. Та бүхэн их бахархалтай ажил хийсэн байна.

Энэ сайхан үйл ажиллагаанд оролцож байгаадаа дахин баярлаж байгаагаа илэрхийлье.

Хувь хүний зүгээс сайхан зүйл хэлэхэд ойн гавьяат ажилтан, хөдөлмөрийн баатар Б.Жамсран гуай манай Хөвсгөл нутгийн хүү юм. Ингээд Жамсран баатартаа Хөвсгөлчүүдийнхээ өмнөөс ухаалаг амьдрал, урт удаан наслахын ерөөлийг өргөе.


-Танд баярлалаа.

Холбоотой мэдээ