ДАРХАН-УУЛ: Цагдаагийн болон Дотоодын цэргийн байлдааны тугийг аялуулж, тангараг давтах ёслол боллоо

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | ДАРХАН-УУЛ
174@montsame.mn
2023-05-11 08:12:26

Дархан /МОНЦАМЭ/. Сүхбаатарын болон Байлдааны гавьяаны улаан тугийн одонт Цагдаагийн албаны туг, Сүхбаатарын болон Цэргийн гавьяаны улаан тугийн одонт Дотоодын цэргийн байлдааны туг Дархан-Уул аймагт ирлээ. Энэ өдөр "Дархан-50" цогцолборт Дархан цэргийн хүрээний байгууллагуудын жагсаал болж, хоёр туганд хүндэтгэл үзүүлэхийн зэрэгцээ Цагдаагийн болон цэргийн тангараг давтах ёслол боллоо.





Анх удаа нийслэлийн 9 дүүрэг, 21 аймагт хоёр тугийг аялуулж байгаа бөгөөд 10 дахь нь Дархан-Уул аймаг ажээ.  





Монгол Улсын цагдаагийн байгууллага нь түүхэн хөгжлийн явцад Улаан туг хэрэглэн гэмт хэрэгтэй тэмцэх, нийтийн хэв журам хамгаалах, ард түмнийхээ амар амгалан байдлыг хангах үүргээ нэр төртэй биелүүлж ирсэн түүхтэй.



Мөн дотоодын цэргийн байлдааны туг нь дайчин уламжлал, эх орноо хамгаалах ариун үүрэг, цэргийн нэр төр, алдар гавьяаны илэрхийлэл юм.

Сэргээн засварласан Цагдаагийн Улаан тугийг 1992 онд Монгол Улсын Ерөнхийлөгчөөс гардан авснаас хойш 31 жил болж байна. Монгол Улсын Ерөнхийлөгчийн 1996 оны 120 дугаар зарлигаар Цагдаагийн байгууллагын тугийн залааг улаан буурал зүсмийн азарганы 36 см урттай хөхөл дэлээр, Хууль зүй, дотоод хэргийн сайдын 2017 оны А/217 дугаар тушаалаар Дотоодын цэргийн Байлдааны тугийн залааг хар зүсмийн азарганы 36 см урттай хөхөл дэлээр тус тус хийхээр баталжээ.




Энэ хүрээнд Монгол Улсад орчин цагийн Цагдаагийн байгууллага үүсэж хөгжсөний 101, Дотоодын цэрэг байгуулагдсаны 100 жилийн ойг тохиолдуулан Монголын Цагдаа, дотоодын цэргийн байгууллагын 10000 гаруй алба хаагчдын золбоо, хийморийг илэрхийлсэн хоёр тугийг ахмадын хорооны санаачилгаар сэргээн завсарлахаар шийдвэрлэж 21 аймаг, 231 сумын хурдан удмын 313 азарганы хөхөл дэл, сүүлний хялгасыг дээжлэн авч сэргээн засварлажээ.




Цагдаагийн албаны болон Дотоодын цэргийн Байлдааны туг нь Цагдаа, Дотоодын цэргийн байгууллагын алба хаагчдын золбоо хийморь, сүр хүч, яруу алдар, гавьяа зүтгэлийг илчилж, албаараа бахархах, омогших бахдалыг төрүүлж, өргөсөн тангарагтаа үнэнч шударгаар зүтгэхийн бэлгэ тэмдэг, бахархал болсон үнэт зүйл ажээ.




Сүхбаатарын болон Байлдааны гавьяаны улаан тугийн одонт Цагдаагийн албаны туг, Сүхбаатарын болон Цэргийн гавьяаны улаан тугийн одонт Дотоодын цэргийн байлдааны тугийг Орхон, Булган, Хөвсгөл аймагт аялуулахаар замдаа гарлаа.

 

Холбоотой мэдээ